Тэргүүн хатагтай Налайхад зочлов
ХБНГУ-ын тэргүүн хатагтай Даниэла Шадт тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн өрхийн эмнэлэг болон гэр цэцэрлэгээр зочлов.
Мэдээллийн алба

ХБНГУ-ын тэргүүн хатагтай Даниэла Шадт тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн өрхийн эмнэлэг болон гэр цэцэрлэгээр зочлов. Тэргүүн хатагтай Даниэла Шадт НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч бөгөөд Монголд хийсэн айлчлалынхаа үеэр тус сангаас Монголд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцсан энэ аж.
Налайх дүүргийн 34 000 оршин суугчдын 42 орчим хувь нь амьжиргааны түвшинээс доогуур амьдралтай тул энд нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж муу байдаг. НҮБ-ын Хүүхдийн сан энэ ялгаатай байдлыг арилгахын тулд тус дүүрэгтэй хамтран Хүүхдэд ээлтэй орон нутаг стратегийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү стратегийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээг хүүхэд бүрт хүргэх, хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.
Тэргүүн хатагтай болон дагалдан яваа Төлөөлөгчид тус дүүргийн гэр цэцэрлэгээр орж сонирхов. Налайх дүүрэгт орон нутгаас ирж суурьшигчид нэмэгдэхийн хирээр цэцэрлэгийн хүртээмж тааруу байдаг. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас хоёр гэрийг зэрэгцүүлэн барьж, гэр цэцэрлэг байгуулж өгсөн нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 25-30 орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа юм. Нэг гэрийг тоглоомын өрөө, нөгөө нь унтлагын өрөө болгон ашигладаг. Мөн энгийн контейнер ашиглан хүүхдийн зориулалт бүхий ус, ариун цэврийн өрөө байгуулан, гэртэй нь холбож өгсөн нь хүүхдийг эрүүл, ая тухтай орчинд сурах нөхцлийг бүрдүүлж өгсөн юм.
Хатагтай Шадт НҮБ-ын Хүүхдийн сан болон Налайх дүүргийн захиргаанаас хамтран хэрэгжүүлж буй дээрх үйл ажиллагааг сайшаагаад, хямд төсөр аргаар, шинэ санал санаачилга гарган хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаад сэтгэгдэл өндөр байгаагаа хуваалцав. Цэцэрлэгийн хүүхдүүд хатагтай Шадт болон дагалдан ирсэн зочдод зурсан зурагнуудаасаа дурсгал болгон бэлэглэв.
Төлөөлөгчид мөн “Суварга хайрхан” өрхийн эмнэлэг дээр хэрэгжүүлж буй хүүхэд, бага насны хоол тэжээлийн өрөөг үзэж сонирхон, тэнд шим тэжээлтэй хоол хийхийг сурахаар ирсэн ээжүүд, хүүхдүүдтэй уулзав.



















