Терроризмын эсрэг тэмцэх хоёр талт гэрээ хэлэлцээ эхлүүлнэ
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Европ тив дэх айлчлалаа үргэлжлүүлж, Бельги улсад хүрэлцэн очоод байна. Тэрээр Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишельтэй уулзаж,
Мэдээллийн алба

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Европ тив дэх айлчлалаа үргэлжлүүлж, Бельги улсад хүрэлцэн очоод байна. Тэрээр Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишельтэй уулзаж, хоёр орны хооронд терроризмтой тэмцэх тухай яриа хэлэлцээ зохион байгуулахаар тохиролцжээ. Уулзалт өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон байна.
Японы Ерөнхий сайд уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр ярихдаа өнгөрсөн гуравдугаар сард Брюссель хотноо болсон халдлагад амь үрэгдэгсдэд гүнээ эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн терроризмын эсрэг бүх улс орон хамтран тэмцэх ёстой гэжээ. Иймээс Бельги, Япон хоёр орон энэ оноос эхлэн терроризмын асуудлаар хоёр талт яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон байна. Бельгийн Ерөнхий сайд мөн асуудлаар ярихдаа энэ сарын сүүлээр Японд зохион байгуулагдах “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр терроризмтой тэмцэх асуудал хэлэлцэх гол сэдвийн нэг байна гэдгийг мэдэгдсэн байна.
Мөн Япон улс энэ оны дээд хэмжээний уулзалтыг даргалж байгаагийн хувиар терроризмтой тэмцэхэд хошуучлагчийн байр суурьтай оролцоно гэж найдаж байгаагаа Шарль Мишель илэрхийллээ. “Их-7”-гийн уулзалт энэ сарын 26, 27-ны өдөр Японы Мие мужид зохион байгуулагдах юм.


















