Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэсгэм өвлийн ховор үзэгдэл-"Дархан булаг"

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс баруун хойд зүгт “Дархан булаг” хэмээх газар бий. Энэ булагт ес эхлэхээр ургаж, таван ес дүүрэхэд хагдардаг “Усанд хөвдөг хөрш” нэртэй ургамал байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тэсгэм өвлийн ховор үзэгдэл-"Дархан булаг"
Тэсгэм өвлийн ховор үзэгдэл-"Дархан булаг". Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс баруун хойд зүгт “Дархан булаг” хэмээх газар бий. Энэ булагт ес эхлэхээр ургаж, таван ес дүүрэхэд хагдардаг “Усанд хөвдөг хөрш” нэртэй ургамал байдаг.

"Биднийг нэгдүгээр сарын 17-ны 11 цагт очиход тухайн газрын агаарын температур 16.5 градус байсан ба булгийн усны температурыг хэмжихэд -3.5 градус, булаг нь баруун өмнө зүг рүү 10 гаруй метр урсаж хөлдсөн байлаа. Уг цэцэг нь маш жижиг үндэстэй, 10 орчим навчтай, хар ногоон өнгөтэй ургамал усан дотроо урсгалын дагуу ургасан байлаа. Дархан булагийн ойролцоо хилэнцэт хорхой байдаг ба янгирын ус уудаг голлох ус юм. Энэхүү газрын хаданд нар, нум сумаар байлдаж буй хүн, янгир зэрэг олон сүг зураг байдгийн дээр зуны улиралд Улаан тулам, Банзаддоо, Цахилдаг, Федын аргамжин цэцэг, Австри хавтгана, Эмт гичгэнэ гэх мэт эмийн ургамал болон нэн ховор ургамал ургадаг байна. 2015 онд их ширүүн бороо орсноос булгийн эхийн газрыг 5 метр гүнзгий эрэг гарган хөрсийг авч явсан ч “Усанд хөвдөг хөрш” одоо ургаж байна.

Домог түүхээс улбаалан энэхүү булаг дээр эмэгтэй хүн очдоггүй, булгийн хөл дэх 140 см өндөр, 5.30 см диаметр бүхий тэгш хадан дээр чулуу өргөн хүндэтгэж байжээ. Энэхүү булгийн ойролцоо нарны сүг зураг байгаа бөгөөд энэ нь хамгийн их энерги бүхий газарт эртний хүмүүс тэмдэглэдэг байсан гэдэг. Мөн 1850 оны үед харуул занги суулган ан гөрөөг хамгаалж байсан ба тэнд ан гөрөө хийсэн хүнийг 1 мориор торгодог байсан гэдэг аман домог байсаар одоо бидний үед ирсэн байна. Энэ ургамлыг 2016 оноос эхлэн ид ургаж байгаа үед нь үзэж судалж байна.

2017 оны судалгааны багт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Готовдорж, сумын байгаль судлаач өндөр настан Г.Дашчирэв, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Бямбацогоо, Байгаль хамгаалагч Н.Мөнхдалай, Татварын байцаагч Г.Мандах, 9 жилийн сургуулийн “Мазаалай” клубын 8 дугаар сангийн сурагч Г.Минжинсор, 5 дугаар сангийн сурагч Бадамгарав, Засаг даргын Тамгын газрын жолооч Ж.Шархүү нар ажилласан" гэж БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Содномсамдан мэдээллээ.

Хуваалцах