Тойргийн мандатыг хэвээр нь үлдээв
Өнгөрсөн өдрүүдэд олны анхаарлыг татсан асуудал бол яах аргагүй нийслэл болон орон нутгийн мандатыг тоог өөрчлөх тухай тогтоолын төсөл байв. Харин өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж тойргийн мандатыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.
Мэдээллийн алба

Өнгөрсөн өдрүүдэд олны анхаарлыг татсан асуудал бол яах аргагүй нийслэл болон орон нутгийн мандатыг тоог өөрчлөх тухай тогтоолын төсөл байв. Харин өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж тойргийн мандатыг хэвээр нь үлдээх шийдвэр гаргалаа.
Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан 2015 оны жилийн эцсийн хүн амын урьдчилсан тоог үндэслэн УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай саналаа ирүүлсэн байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн аймаг тус бүрийг 1, нийслэлийг 6 тойрог болгож УИХ-ын сонгуулийн нийт 26 тойрог байгуулах, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн УИХ-ын сонгуулийн нэг тойрог болгохоор тусгажээ. Мөн сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрт ногдох УИХ-ын гишүүний мандатын тоог уг тогтоолын хавсралтаар батлахаар тусгасан байна.
Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, байнгын хорооны дарга хариулт өгсөн юм. Ингээд байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 47 нь буюу 72.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдав. Уг тогтоолын төсөл батлагдсанаар УИХ-ын 2012 оны сонгуулийн мандатын тоо энэ удаагийн сонгуульд хэвээр нь хадгалахаар болж байгаа юм.


















