“Токио-2020” олимпод оролцох баг тамирчдад мандат болон хувцас хэрэгсэл гардууллаа
Энэ удаагийн зуны олимпод Монголын баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч одоогийн байдлаар нийт 44 тамирчин оролцохоор болсон
Мэдээллийн алба

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 23-наас ирэх сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 15 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа өчигдөр эхэлсэн байна.
Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн менежер Б.Өнөбаатар нар оролцож, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн баг тамирчдад амжилт хүсчээ.
“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцасны Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор 2019 онд загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Мишээл-Амазонка” компани шалгарч, урласан байна.
Энэ удаагийн зуны олимпод Монголын баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч одоогийн байдлаар нийт 44 тамирчин оролцохоор болсон.


















