Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Токиод онц байдлын дэглэм тогтооно

Ирэх 23-ны өдрөөс олимпын наадам эхлэх Японы нийслэл Токио хотод өнөөдрөөс эхлэн онц байдлын дэглэм тогтоохоор болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Токиод онц байдлын дэглэм тогтооно
Токиод онц байдлын дэглэм тогтооно. Зураг: МҮОНРТ

Ирэх 23-ны өдрөөс олимпын наадам эхлэх Японы нийслэл Токио хотод өнөөдрөөс эхлэн онц байдлын дэглэм тогтоохоор болж байна. Энэ тухай Японы коронавирусний халдварын тархалттай тэмцэх төв штабын үйл ажиллагааг зохицуулагч, эдийн засгийн сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд Нишимура Ясутоши хэвлэлийнхэнд мэдээллээ.

Тодруулбал, Токио хотод халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаагийн дээр Дельта хувилбарын халдвар тархаж байна. Мөн зуны улиралд хүн амын зорчих хөдөлгөөн нэмэгддэг учир онц байдлын дэглэмийг 7 дугаар сарын 12-ноос ирэх 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хэрэгжүүлж байгаагаа тэрбээр мэдэгдсэн байна.

Ингэснээр Токио хотод зуны олимпын наадам зохион байгуулах өдрүүдэд ч онц байдлын дэглэм үйлчлэхээр боллоо. Нишимура сайд мөн өмнөд Окинава мужид онц байдлын дэглэмийн хугацааг сунгаж байгаагаа зарлалаа. Түүнчлэн ирэх сарын 22 хүртэл Чиба, Сайтама, Канагава, баруун Осака мужуудад коронавирусний халдварын тархалтын эсрэг эрчимжүүлсэн арга хэмжээ авах хугацааг сунгаж буйг мэдэгдлээ. Токиод зуны олимпын наадмын үеэр онц байдлын дэглэм тогтоосонтой холбоотойгоор олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд оролцох үзэгчдийн тоог 5 мянгаар хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.

Мөн нийтийг хамруулсан арга хэмжээнүүдийг орон нутгийн цагаар 21 гэхэд дуусгасан байх шаардлага тавьж байгаа аж. Мөн онц байдлын дэглэм тогтоосон хугацаанд нийтийн хоолны газруудад согтууруулах ундаа худалдаалахгүй байх, 20 цаг гэхэд хаалгаа барихыг уриалжээ. Зуны олимпын наадмыг зохион байгуулагчид Японы засгийн газрын шийдвэрээр тогтоосон онц байдлын дэглэмд зохицон тодорхой өөрчлөлтүүд хийх ёстой болж байна.

Өмнө нь онц байдлын дэглэм тогтоовол спортын тэмцээн уралдаануудыг орон нутгийн үзэгчгүйгээр зохион байгуулна гэж мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд тэд тэмцээн уралдааныг гадаадын хөгжөөн дэмжигчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Харин 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа тэмцээн уралдаан болох спортын объектуудын дүүргэлтийг 50 хувьд хүргэх буюу 10 мянгаас хэтрүүлэхгүй байхаар тогтоогоод байсан юм.

Хуваалцах