Томоохон компаниуд хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхийн эсрэг тэмцдэггүй
"Эппл", "Самсунг", "Сони" зэрэг технологийн олон компани өөрсдийнх нь бүтээгдэхүүнд ашиглагдсан эрдэс бодисуудыг хүүхдээр олборлуулдаг эсэхийг нягтлах энгийн шалгалт явуулах чадваргүй байгааг хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллага нотолж байна.
Мэдээллийн алба

"Эппл", "Самсунг", "Сони" зэрэг технологийн олон компани өөрсдийнх нь бүтээгдэхүүнд ашиглагдсан эрдэс бодисуудыг хүүхдээр олборлуулдаг эсэхийг нягтлах энгийн шалгалт явуулах чадваргүй байгааг хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллага нотолж байна. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг идэвхтэй ашигладаг Ардчилсан Конго улсын уурхайнуудаас зуучлагч нар кобальтийг хэрхэн худалдан авч, Хятадын “Зежианг Хуаю Кобальт” компанийн охин компанид дамжуулан худалддагийг “Эмнести интернэшл”-ийн энэ илтгэлийг зохиогчид мөшгин тогтоожээ. Харин үндэстэн дамнасан 10 том корпораци “Зежианг Хуаю Кобальт” компаниас кобальт худалдан авдаг нь тогтоогдсон байна. Кобальт бол литий-ионий аккумулятор хийхэд ашиглагддаг гол түүхий эд. Энэ эрдэс бодисын 50-иас доошгүй хувийг Конго улсад олборлодог юм байна. 2014 оны есдүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд Ардчилсан Конго улсын өмнөд хэсэгт наад зах нь 80 хүн уурхайн гүнд амиа алдсан гэсэн мэдээлэл хүний эрхийг хамгаалагчдад байна. Мөн ийм уурхайнуудад ажилладаг долоогоос дээш насны хүүхдүүдийн мэдээллийг ч бас “Эмнести интернэшнл” цуглуулжээ. Тэдний илтгэлд нэр дурдагдсан компаниуд харин дээрх дүгнэлтийг няцааж, хүүхдийн хөдөлмөрийг ашиглах явдал гаргуулахгүйн төлөө тэмцдэг болохоо мэдэгдсэн байна.


















