Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТОСК-ийн Ерөнхий захирал “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай уулзлаа

"Төрийн орон сууцны корпораци”-ийн Ерөнхий захирал А.Гантулга өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ТОСК-ийн Ерөнхий захирал “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай уулзлаа
ТОСК-ийн Ерөнхий захирал “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

"Төрийн орон сууцны корпораци”-ийн Ерөнхий захирал А.Гантулга өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай уулзлаа. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгад өнөөдрийн байдлаар 1060 орчим иргэн захиалга өгөөд байгаа юм. Үүнээс 200 орчим захиалагч шинэ байрандаа оржээ.

А.Гантулга захирал гэр хороололд 12 жил амьдарсан З.Цэрмаа гуайнд зочилсон юм. Өдгөө 83 насыг зооглож буй З.Цэрмаа гуай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбитод 12 жил амьдарчээ. Тэрээр 11 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх.

Хүүхдүүд нь ээжийгээ дулаахан, тав тухтай газар амьдруулах гэж “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгч нэгдүгээр сарын 19-нд байрандаа нүүж ороод байгаа нь энэ. Тэрээр 39 мкв 2 өрөө байранд ач хүүгийнхээ хамтаар амьдарч байна.

З.Цэрмаа гуай “Олон сайхан үр хүүхэд өсгөж хүмүүжүүлснийхээ гавьяаг эдлээд сууж байна. Би 12 жил гэр хороололд амьдарсан хүн. Нас өндөр болоод тэр үү, утаа униар дунд нь амьдарч чадахаа болжээ. Өвөл бол хоолой хорсоод сууж чадахгүй байна. Харин энд нүүж ирээд их сайхан байна. Агаар нь яасан сайхан юм. Настай бидэнд дулаахан, агаар сайтай газар байвал л болох нь тэр. Ийм сайхан орон сууц барьсан төр засагтаа баярлаж сууна даа” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

А.Гантулга захирлын зочилсон дараагийн айл Г.Баттулгынх байлаа. Г.Баттулга гурван хүүхэдтэй. “Оюутолгой” компанид олон жил ажиллаж байгаа тэрээр агаар, орчин, хямд үнэ зэргээс шалтгаалж “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгсөн тухайгаа ярьсан юм. Г.Баттулга “Том охин маань 1-р хороололд сургуульд явдаг. Охиныхоо сургуультай ойр байр авъя гэсэн боловч утаа ихтэй, бас үнэтэй байсан учраас “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгсөн. Манай хороололд ирэх хавраас сургууль, цэцэрлэг баригдана гэсэн. Тэр нь их таалагдаж байгаа. Одоо нэг цэцэрлэг баригдсан байна лээ. Тэрэнд бага охиноо явуулж байгаад сургууль нь баригдахаар оруулна даа. Эхнэрийн маань л ажил хөнгөвчлөгдөж байгаа юм. Одоо байрандаа ороод 4 хонож байна. Харагдац их сайтай. Цонхоор Богд уулаа хараад цэвэр агаараар амьсгалаад л манайхан бүгд сэтгэл хангалуун байгаа” гэсэн юм.

Г.Баттулга 68.59 мкв гурван өрөө байранд 70 настай ээж, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдарч байна.

Эх сурвалж: ТОСК Хэвлэл мэдээлэлтэй харилцах алба.

Хуваалцах