Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшигчдийг зарлалаа
Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэг ил болсноос хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал ихээр яригдах болсон.
Мэдээллийн алба

Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэг ил болсноос хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал ихээр яригдах болсон. Тус газарт лиценз эзэмшигч нөлөө бүхий албан тушаалтнуудын оролцоотойгоор Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахгүй байгаа гэх яриа ч гараад буй.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар тус суманд ажиллаад ирснийхээ дараа Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж буй газруудыг нэрлэсэн юм. Тодруулбал, улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй газарт уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосноос таван тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж, үлдсэн 13 хайгуул, гурван ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тухайлбал, Тостын нуруунд ашиглалтын /МҮ-17038, МҮ-019036/ нийт 43153.96 га талбайг “Саудгоби коэл транс” ХХК, нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг 7 аж ахуйн нэгж, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 аж ахуйн нэгж, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг 1 аж ахуйн нэгж байгууллага, Алтан уул Торомхоны ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн /МҮ-014917, МҮ-017452/ талбайн 16361,72 га, хайгуулын ХҮ-007305 тоот тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК эзэмшдэг байна.
Мөн Гурвантэс сумын Баясах багийн хэмжээнд “Саусгоби сэндс” ХХК-д 2011 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 10992.92 га талбайд болон нөлөөллийн бүсэд 19 булаг, шанд байдаг бөгөөд нийт 37 өрхийн 12620 толгой мал өвөлжиж байгаа ажээ. Харин “Монгол чадал интернейшнл” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн 1110.49 га талбайд тус багийн 8 өрхийн 2227 толгой мал өвөлжиж байгаа аж.

Нэмж мэдээлэхэд, Тост, Тосонбумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд Монгол орны улаан дансанд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг юм.


















