Ц.Анударь шигшээ наймд шалгарахад ганцхан оноо дутлаа
Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагслаа.
Мэдээллийн алба

Олимпын буудлагын спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ шатанд 53 тамирчин цэц сорьсны дунд Монголын хоёр мэргэн бууч байв. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагслаа. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм.
Долоо дахь олимпдоо онч сорьж буй Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа энэ дасгалд 568 оноо авч 30 дугаар байрт жагслаа. Түүний хувьд энэ сарын 30-ны баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд цэц сорих юм.
Ташрамд дуулгахад, 10 метрийн хийн гар бууны дасгалд БНХАУ-ын Жиан Раншин (587), Грекийн А.Коракаки (585), ОХУ-ын В.Бацарашкина (582), БНХАУ-ын Лин Ю Мэй (579), Францын М.Ламоле (578), Болгарын А.Костадинова (578), Украины О.Костевич (577), Францын С.Говервил (577) нар шигшээд шалгарч, медалийн төлөө буудахаар болов.


















