Ц.Даваасүрэн: Цэргүүдийн нас барсан шалтгааныг л тодруулсан
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг хаалттай хэлэлцсэн.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг хаалттай хэлэлцсэн.
Харин чуулган хаалттай хуралдаж байх үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Би Хууль зүйн сайдад хандан, Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид амь эрсдсэн цэргүүдийн талаар асуулга тавьсан. Энэ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийн сонсохоор хаалттай хуралдаж байна. Асуулгын зорилго бол тус анги нэгтгэлд Хөвсгөл аймгийн цэргүүдийг алба хаах явдлыг зогсоох биш харин цэргүүдийн нас барсан шалтгааныг тодруулж, цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцах юм. Тиймээс уг асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй гэж би үзэж байна" гэж мэдээлэл хийх үеэрээ онцлон тэмдэглэв.
Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчид Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас энэхүү мэдээлэлтэй холбогдуулан тодруулга авлаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлэхдээ "Энэ асуудал Төрийн нууцын жагсаалтад байдаг. Тиймээс хаалттай хэлэлцэх хуультай учраас хуулийн дагуу асуудлыг хэлэлцлээ. Бидний хувьд төрийн ажлыг хууль, журмын дагуу явуулж байна. Хэн нэгэн хүний хүсэлтээр асуудлыг нээлттэй, хаалттай хэлэлцэхийг бид шийддэггүй. Нууцад хамаарах асуудлыг хуулийн хүрээнд хаалттай горимоор хэлэлцдэг. УИХ-ын гишүүний асуулгын дагуу холбогдох мэдээллийг хүргүүлж, хуулийн хүрээнд мэдээлэл хийлээ" гэсэн юм.


















