Ц.Элбэгдорж МҮЭ-тэй хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс орон даяар хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг МҮЭ дэмжиж буйг тус холбооны ерөнхийлөгч М.Амгаланбаатар илэрхийлж, гаргасан саналуудаа өргөн барилаа.
Мэдээллийн алба

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр МҮЭ-ийн Ерөнхийлөгч М.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс орон даяар хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг МҮЭ дэмжиж буйг тус холбооны Ерөнхийлөгч М.Амгаланбаатар илэрхийлж, гаргасан саналуудаа өргөн барилаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын хамгийн олон гишүүнтэй, хамгийн ажил хэрэгч байгууллага “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллах санал дэвшүүлсэнд талархаж байна. Одоо төрийн байгууллагууд тархай ажиллах биш, мөнгө санхүү, хүний нөөц, хүчин чадлаа нэгтгэе. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эхэлж ухаалаг төрийн зарчимд шилжие гэсэн гол ажил руу орж байгаа. Эхлээд ажлынхаа дарааллыг тогтоё. Технологио сайн ойлгохгүй бол зүгээр яриа болж хувирна. Ингэх ёсгүй. Төрийн албаны нэгдмэл стандарт гаргаж, төрийн үйлчилгээ гэж яг юу байна, хэдэн төрлийн үйлчилгээ иргэдэд үзүүлж байна гэдгийг бүртгэе. Нэгдсэн программд оруулъя. Зарим оронд 4000 үйлчилгээ, зарим газарт 1000 байна. Тэгвэл манайд хэд байна гэдгийг бүртгэе. Аль ч суманд очсон иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ ижил байх ёстой. Иймэрхүү зохион байгуулалтад дээрээсээ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эхлэн орж, ухаалаг төрийн зарчимд шилжие гэж байгаа. Ухаалаг төр зөвхөн төрийн байгууллагатай ч холбоотой асуудал биш. Хувийн хэвшил, нийт аж ахуйн нэгжтэй, хүн ажиллуулдаг газар бүхэнтэй холбоотой ажил юм. Газар бүхэн үйлчилгээгээ иргэдэд яаж үр бүтээлтэй хүргэх вэ гэдгийг бүгдээрээ бодох ёстой. Улс орон даяар ижил төрлийн бизнес, үйл ажиллагаандаа нэгдсэн стандарт барьдаг, тэр нь хүн бүхэнд ойлгомжтой, авах үйлчилгээ нь ойлгомжтой байдлаар зохион байгуулна” гэлээ.


















