Ц.ОЮУНДАРЬ: Бүтээгдэхүүнүүд маань өрөнд явж байгаа учраас ам.долларын дутагдалд орсон...
Өнөөдөр АН уламжлалт 4:11 уулзалтаа сэргээлээ. 4:11 мэдээллийн цагт намын ЕНБД Ц.Оюундарь, Намын байгуулалтын хэлтсийн дарга Э.Батсуурь, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр, Хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Мягмарсүрэн нар оролцож сэтгүүлчид
Мэдээллийн алба

Өнөөдөр АН уламжлалт 4:11 уулзалтаа сэргээлээ. 4:11 мэдээллийн цагт намын ЕНБД Ц.Оюундарь, Намын байгуулалтын хэлтсийн дарга Э.Батсуурь, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр, Хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Мягмарсүрэн нар оролцож сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд намын ерөнхий нарийн бичгийн дарга ерөнхий мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Өнгөрсөн зун бид хөдөө орон нутгийн АН-ын ажил байдалтай танилцах аялал хийлээ. Мөн АН эрх баригч нам болсныхоо анхны гадаад албан ёсны айлчлалыг БНХАУ-ХКН-ын урилгаар хийсэн. Айлчлалд АН-ын ХЭГ-ын зүгээс өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Хятад улс бидний киноноос хардаг хөвөнтэй дээлтэй бүдүүн хятадууд биш болсныг мэдэрлээ. Бээжин, Шанхай хот төдийгүй баруун бүсийн тосгон суурингаар явж ХКН-ын анхан шатны төлөөлөгч нартай ч уулзлаа. Жижиг тосгоноос хот хүртлээ бүх ажлаа төлөвлөж маш сайн ажилладаг нь намынх нь анхан шатны байгууллагуудаас харагдсан. Хамгийн сонирхолтой нь эдийн засгийг ардчилах бодлогыг намынхаа бүх түвшинд баримталдаг юм байна. Эдийн засаг нь ардчилагдаад ирэхлээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж шинэ ноу-хау, ажлын байр бий болдог байна. Мөн АН-ын зочид, төлөөлөгчдийг ХКН-ын Төв хорооны Сайд нарын түвшинд хүлээж авсан. Гадаад харилцааны сайд Ва Зя Руй нь намынхаа гадаад харилцаанд олон жил ажилласан, монголд хятадын сайд дарга нарын айлчлалын бүрэлдэхүүнд байнга орж байсан хүн юм. ХКН-ын Төв хорооны зохион байгуулалтын сайд Жао Лэ Зи, ХКН-ын эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга, залуучуудын байгууллагын 1 дүгээр нарийн бичгийн дарга, Шанхай хотын орлогч засаг дарга, Шин Дү хотын засаг даргын орлогч гэсэн хүмүүстэй айлчлалын хүрээнд уулзаж, бодит түвшний харилцааг хөгжүүлэх талаар ярилцсан. Монгол, Хятадын харилцаа 2011 онд стратегийн түншлэлийн хэмжээнд гарсан. Ер нь манай улс хоёр мөнхийн хөрштэйгээ стратегийн түншлэлийн хэлэлцээрийг түрүүчийн Засгийн газрын үед хийсэн, одоо энэ нь үргэлжлээд явж байна. Цаашдаа бид гурван зүйл дээр анхаарлаа хандуулж ажиллана. Нэгдүгээрт, Өнгөрсөн хугацаанд АН сөрөг хүчнийхээ хувьд эрх баригчдынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ирснээс биш гадаад харилцаандаа анхаарал тавьж явсангүй. Тиймээс АН-ын гадаад харилцаанд маш сайн анхаарч ажиллахаар болж байна. Хоёрдугаарт, АН-ын дотоод зохион байгуулалт. Анхан, дунд шатны намын байгууллагуудын төлөвшилт, бэхжилтэнд анхаарлаа хандуулна. Энэ талын сургалтыг өргөн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Гуравдугаарт, ганцхан Засгийн газар биш аймаг, дүүрэг, сумдад АН ялалт байгуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Энэ бүхэнд АН-ын зүгээс “Амлалт Нэхэх Ард Түмний Хөдөлгөөн” гэдэг шиг мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бүх шатны засаг дарга, сайд нараас нэхэж, шахаж ажиллахаар ажилдаа орлоо.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчийн асуултад хариуллаа.
.jpg)
-Гадаадын хөрөнгө оруулалт 34 хувь болтлоо буурлаа. Энэ талаар АН-ын байр суурийг сонсмоор байна?
-Засгийн хувьд Ерөнхий сайд болон бусад сайд нарын мэдээллийн цагууд тодорхой цагуудад хангалттай явагддаг. Та бүгд тэндээс тодорхой мэдээллүүдийг авдаг байх гэж бодож байна. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтын хувьд нэгдүгээрт Оюутолгойн хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд даацтай бодит байдлаар орж байсан. Одооны энэ үеийг тэр цагтай харьцуулахаар их хэмжээгээр буурчихсан юм шиг харагдаж байна. Хоёрдугаарт тодорхой нэр бүхий 1500 ашигт малтмалын болон хайгуулын лиценз байхгүй болсон. Эдгээр лицензийг ард түмний зүгээс цэгцлэх шаардлага их байсан. Тэгээд ч АН-ын зүгээс замбараагүй олгогдсон зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй ашигт малтмалыг цэгцэлнэ, зохицуулах талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан нь ард түмэнд таалагдаад АН ялалт байгуулсан. Энэ ажлаа эхнээс нь цэгцлээд явж байх хооронд замбараагүй олгогдсон 1500 лицензийг дагаж орж байсан хөрөнгө оруулалт байхгүй болсон. Гэхдээ ашигт малтмалын хуулийг хөрөнгө оруулалтын хуулиар цэгцлээд, төрийн зохицуулалтайгаар хуулийн дагуу олгоод эхлэхээр хөрөнгө оруулалт зах зээлийнхээ жамаар сэргэж өсөөд явах бололцоотой.
-Намын нэрээр төрийн болоод улс төрийн албан тушаалд очсон хүмүүс их бага хэмжээгээр асуудалд орж, хуулийн байгууллагаар шалгагдах боллоо. АН-ын зүгээс энэ бүхэнд хэрхэн хандаж байна вэ?
-Нийгэмд үүрлэсэн муу урхаг халдварт өвчин шиг аюултай байдаг. Энэ халдварт өвчнийг албан тушаалтай хэн ч тусч болзошгүй. Хэрэв хэн нэгэн ийм өвчин тусвал түүнийг бид энэ тэр нам гэж ялгахгүйгээр эмчлэх ёстой. Даамжирсан бол авч хаях шаардлагатай. Тэгээд оронд нь ажлаа сайн хийж чаддаг хүнийг нь тавина. Мэдээж энэ өвчнийг зогсоох эрүүлжүүлэх чиглэлээр хууль эрх зүй шинэчлэлийг үргэлжлүүлэн хийнэ.

АН-ын мөрийн хөтөлбөрт төрийн албыг нийтийн алба болгоно гэсэн заалт байгаа. Энэхүү заалтын талаар юу хэлэх вэ?
-Тиймээ. Жишээ нь багш, эмч нар гэсэн хэсэг бүлэг хүмүүсийг төрийн албан хаагч гэж хэлэхэд их зовлонтой. Тиймээс төрийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс нийтийн албаны хуулиар явах ёстой гэсэн бодлого, мөрийн хөтөлбөр хэвээр бий. Энэ талаар УИХ-ын АН-ын бүлгийн ажлын хэсэг ид ажиллаж байна даа.
-МАН-ын зүгээс Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахаар яригдаж байна. Үүнд АН-ын зүгээс ямар тайлбар хийх вэ?
-МАН-ын хувьд сөрөг хүчин учраас эдийн засагт гарч байгаа ямар нэгэн алдаа болгон дээр Засгийн газрыг огцруулахаар шаардлага тавьдаг. Энэ анхны шаардлага ч биш, удаа дараа энэ асуудлыг гаргаж байсан. Засгийн газрын нэг жилийн хугацаанд тийм ч муу ажиллаагүй гэдгийг бид хэлж чадна. Эдийн засгийн тодорхой үе шаттай хүндрэлүүд байна. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөлөл, Хятадын эдийн засгийн үзүүлэлт ч маш өндөр үзүүлэлттэй буурсан. Энэ бүхний нөлөө монголд орж ирж байна. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтын таслалтаар эдийн засгийн өсөлтийг дангаар нь тооцож болохгүй, энэ бол өрөөсгөл ойлголт болно. Тиймээс МАН-ын Намаа шинэчлэе хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлсэн юм билээ. Тэдний шаардлагад Чингис Бондын санхүүжилтээр хийгдэж байгаа, нүдэнд харагдаж байгаа бүтээн байгуулалтын ажлууд тусгагдаагүй байсан. Тэгээд ч эдийн засаг хямраагүй, харин хүндрэл гарсан. Энэ байдалд ямар арга хэмжээ авч болох талаарх саналаа сөрөг хүчин Засгийн газар огцор гэж илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газар огцорсоны дараа эдийн засгийн ямар өөрчлөлт, өсөлт гарах талаар ямар ч ойлголтгүй байна гэсэн үг.
-Ноён ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1653.72 хүрлээ. АН-ын Засгийн газар энэ талаар дорвитой ямар ч ажил хийж чадахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд давамгайлаад эхэллээ?
-Ам.долларын ханшны өсөлтийг АН анхааралтай ажиглаж байна. Эрх баригч нарт болон энэ ажлыг хариуцдаг сайд, дарга нарт АН-ын зүгээс шаардлага тавьж байна. Ямар ч байсан ойрын хугацаанд энэ чиглэлээр тодорхой ажил хийнэ. Мөн энэ асуудлаар ҮАБЗ ч онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Хамгийн гол нь гаднаас ам.доллар орж ирэхээ больчихлоо. Монголоос гардаг бүтээгдэхүүнүүд дандаа өрөнд явж байна. Тэрбум ам.долларын өрөнд шүү дээ. Оюутолгойгоос 250 сая ам.долларыг түрүүлээд зээлсэн, Тавантолгойгоос 350 сая ам.доллар зээлсэн, Эрдэнэтээс 230 сая ам.доллар авчихсан. Энэ бүхэнд нүүрс болон баяжмал бүтээгдэхүүнүүд маань ам.доллар болж орж ирэхийнхээ оронд явж байна. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнүүдийн оронд орж ирэх ёстой ам.доллар дутагдаад ханш өсчихлөө. АН-ын зүгээс Оюутолгой баяжмал болон бусад бүтээгдэхүүний олборлолт болон үйлдвэрлэлээ хоёр дахин нэмье. Тэгж гэмээнэ ам.доллар оруулж ирнэ. Ганц энэ гэлтгүй ам.доллар оруулж ирэх эдийн засгийн бусад ажлуудаа яаралтай хийе гэсэн чиглэлтэй ажиллаж байна.
-Баярлалаа.



















