Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаав
Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнөөдрийн хаалттай хуралдаанаар Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг Дээд шатны прокурор Ш.Нямдоржийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ц.Сандуй, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, шүүгдэгч А.Ганбаатар, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун, М.Ариунболд, Б.Мэргэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

Ийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, 4 жил хорих ялаар тус тус шийтгэж, ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзжээ.

Хуваалцах