Ц.Сосорбарам: 2017 он гэхэд нийслэлийн гүний усны нөөц шавхагдана
Тиймээс нийслэлийн цэвэр усны талаар “Монгол ус” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, усны зөвлөх инженер, доктор Ц.Сосорбарамаас тодрууллаа.
Мэдээллийн алба

НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарласан. Сүүлийн үед цэвэр усны хэрэглээ, хүрэлцээний талаар хөндөх болсон. Тиймээс нийслэлийн цэвэр усны талаар “Монгол ус” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, усны зөвлөх инженер, доктор Ц.Сосорбарамаас тодрууллаа.
Тэрбээр “Ус нь байгалийн хуулиар эргэлтэд орж, нөхөгддөг эрдэс. Ул мөргүй алга болохгүй. Гагцхүү усны хэрэглээ нэмэгдсэн нь хомсдол үүсэх шалтгаан, нөхцөл боллоо. Газрын гүний усыг ашиглаж олон жилийг үдлээ. Харин өнөөдөр газрын гүний усны нөөцөд хязгаарлалт орж эхэлсэн. 2017 он гэхэд нийслэлд ундны усны хомсдол нүүрлэх дээрээ тулсан. Энэ бол судалгаан дээр үндэслэж гарсан зүйл. Нийслэлийн хүн амын тоо 2017 он гэхэд 1.7 сая хүрэх магадлалтай байгаа. Манай улсад өнгөрсөн жил гэхэд 40 мянган орон сууц шинээр ашиглалтад орсон. Энэ тоолонд усны хэрэглээ нэмэгдэнэ. Харин газрын гүний усны нөөц энэ байдлыг хангаж чадахгүй. Өнөөдөр гэр хороололд амьдарч буй нэг хүн хоногт зургаа орчим литр ус хэрэглэж байна. Гэтэл орон сууцанд амьдарч буй нэг хүн 240-300 литр ус хэрэглэж байна. Өнөөдөр ийм олон орон сууц ашиглалтад ороход төдий хэмжээний усны хэрэгцээ тулгарна. Жил бүр цуглаж, усны асуудлыг ярьж байснаас үр бүтээлтэй ажлуудыг эхлүүлэх ёстой” гэлээ.


















