Ц.Цолмон сайд энхийг сахиулагчдад талархлын захидал илгээжээ
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон БНӨСУ-д үүргээ нэр төртэй гүйцэтгэж, олон мянган иргэдийн амь насыг авран хамгаалж байгаа цэрэг эрсдээ талархлын захидал илгээжээ.
Мэдээллийн алба

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон БНӨСУ-д үүргээ нэр төртэй гүйцэтгэж, олон мянган иргэдийн амь насыг авран хамгаалж байгаа цэрэг эрсдээ талархлын захидал илгээжээ.
Захидалд "Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн хурандаа Б.Баатар захирагчтай бүрэлдэхүүний энэ өдрийн амар амгалан айлтган мэндчилье. Монгол цэрэг нум, саадгаа агсан дэлхийн талыг эзэлж эх орныхоо нэрийг түүхэнд мөнхөлсөн бол өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, өвөг дээдсийнхээ дайчин чанар, бахархам түүхээ дэлхий дахинаа нотлон харуулж байна.
Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцохдоо сонор сэрэмжээ алдалгүй үүргээ нэр төртэй гүйцэтгэж Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулж байгаад Батлан хамгаалах яамны удирдлагын зүгээс болон хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Ялангуяа, удирдлагын баг болоод харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа сонор сэрэмжээ алдалгүй зөв зохион байгуулалтаар аюулыг холдуулж олон мянган иргэний амь насыг аварсан цэрэг эрсдээ тусгайлан баяр хүргэе. Монголын нийгэм даяараа та бүхнээрээ бахдан биширч байна.
Газар зүй, байгаль цаг уурын ямарч нөхцөл, ямар ч эрсдлийн үед бие даан зөв шийдвэр гарган нэгдмэл санаа зорилготой, чанд сахилга баттай, тууштай үйл ажиллагаагаараа тавигдсан үүргийг амжилттай биелүүлж байгаа нь Монгол цэрэг дайчдын мэргэжлийн ур чадварыг нотлон харуулж байгаа хэрэг юм.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Мотобуудлагын батальон нь НҮБ-ын бие бүрэлдэхүүн, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд, барилга байгууламж, техник, тоног хэрэгслийг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох, мөргөлдөөнийг намжаах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсэг хураах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэргийн нэр хүндийг нутгийн оршин суугчид төдийгүй, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа улс орнуудын цэргийн алба хаагчдын дунд өндөрт өргөн өөрийн байр сууриа баттай эзлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал нь болж байдагт салбарын сайдын хувьд баяртай байдаг. Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь дэлхий дахин, бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсэд Монгол Улсын оролцоог илэрхийлсэн нэрийн хуудас болж байгаагийн зэрэгцээ нөгөө талаар үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагтаа дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм. Энэ дашрамд, шинэ цагийн бахархал болон эх орныхоо нэрийн өмнөөс харь газар эв эеийг сахиулагч эрэлхэг монгол цэргүүдийг маань дэмжин ажиллаж байгаа НҮБ-ын бие бүрэлдэхүүн, орон нутгийн удирдлага, иргэдэд талархал дэвшүүлье.
Монгол цэргийн хурд хүч, тэсвэр хатуужил, эр зоригийг гайхуулан байгаа та бүхэндээ удахгүй болох "Олон улсын энхийг сахиулагч"-ийн өдрийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.



Эх сурвалж: Батлан хамгаалах яам


















