Ц.Өнөржаргал: Бид өөрийн гэсэн хөгжлийн гарцыг Монгол аргачлал, стандартаар шийддэг болно
“Үндэсний ухаан” хөтөлбөрийг санаачлагч ”Менежментийн үндэсний зөвлөх, удирдлагын академийн ахлах багш Ц.Өнөржаргалтай ярилцлаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр нээлтээ хийх“Үндэсний ухаан” хөтөлбөрийг санаачлагч ”Менежментийн үндэсний зөвлөх, удирдлагын академийн ахлах багш Ц.Өнөржаргалтай ярилцлаа.
- Сар шинэ дөхөж байна. Хонин жилийн үр бүтээлээс ярилцлагаа эхэлье?
- Хонь жилд судалгаа, зөвлөх үйлчилгээний ажил маань урьд жилүүдийн адил өнгөрлөө. Гол онцлог нь менежментийн шинжлэх ухааны төрөл чиглэлүүдийн талаар 2006 оноос хойш хийгдсэн судалгаагаа нэгтгэж “Удирдахуйн ухаан” номоо хэвлүүлэх нүсэр том ажлын ард гарлаа. Менежментийн 80 гаруй төрлөөс сонголт хийж, өнөөгийн манай нийгэмд хамгийн чухал гэсэн 50 гаруй төрлийн менежментийн чиглэлд төвлөрч ажилласан. Эдгээр 50 орчим төрлийн менежментийг судлах явцад“менежмент” гэж юу юм бэ гэдэг асуултад бодитой ойлголт иргэдэд өгөх боломжийг эрэлхийлсэн.
Менежмент гэдэг маань асуудлаа шийдэх ухаан юм. Хувь хүн асуудлаа шийдэх ухааныг хувь хүний менежмент, байгууллага асуудлаа шийдэх үйл явцыг байгууллагын менежмент, улс орон асуудлаа шийдэх үйл явцыг нь улс орны менежмент гэж авч үздэг. Амьдрал өөрөө баян учраас хувь хүнийн амьдралд, ажил хөдөлмөр эрхлэх явцад төрөл бүрийн асуудал тулгардаг. Тэгэхээр эдгээр олон тал асуудлыг шийдэхийн тулд менежментийн олон чиглэл, урсгал хөгжсөн байна.Жишээлбэл: Санхүүгийн асуудал байвал санхүүгийн менежментээр шийдэх, гэр бүлд асуудал байвал зөрчилдөөний менежментээр шийдэх, ажил дээр байгаа асуудлаа багийн менежментээр шийдэх гэх мэт. Бидэнд ямар асуудал байна түүнийгээ менежментийн аргачлалуудаар шийддэг байх учиртай. Ер нь асуудалгүй байгууллага гэж байдаггүй. Магадгүй асуудал нь өнгөрсөн, одоо ирээдүйн ялгаатай төлөв байдалд байж болно.
Манай улсын ерөнхий сайд өөрийн орны асуудлыг хэр шийдэж байгаагаар нь менежментийг нь дүгнэж болно. Маш олон ажлыг гүйцэтгэдэг боловч асуудлыг шийдэж чадахгүй байвал тэр нь муу үнэлгээтэй ерөнхий сайд гэж хэлэгдэхэд хүргэх ба эсрэгээрээ улс орныхоо асуудлуудыг шийдэж чаддаг ерөнхий сайдыг сайн манлайлагч гэж хүлээн зөвшөөрнө.
Манайханд нэг алдаа байна. Унаж босож, хямарч, алдаж онож байж асуудлаа шийддэг. Ингэж асуудлыг шийдэх хэрэггүй. 50 гаруй төрлийн менежментүүд нь эдгээр асуудлыг ингэж шийддэг юм гэсэн хувилбаруудыг санал болгогдог. Унаж босоод, туршиж хөгжөөд ирсэн гарцыг нь олчихсон менежментийн арга хэрэгслүүдийг ашиглах нь сайн үр дүнд л хүргэнэ. Учир нь менежментийн ач холбогдол, үр өгөөжийн талаар манай иргэд сайтар ойлгохгүй байна. Манай удирдагч нарын дийлэнхи нь менежментийн талаар яриад байдаг хэрнээ ойлголт нь хангалтүй байдаг. мэддэггүй. 50 гаруй төрлийн менежментийг сонсоод ямар олон юм бэ гэх ч хүн таарч байна. Нэг үеэ бодвол асуудал нь их болсон учраас аргууд нь олон болсон. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд маань асуудлаа шийдэхийн тулд зөвлөгөө авдаг. Менежментийн зөвлөх хүний ажил нь байгууллагуудын олон талт асуудлыг зөв талаас нь шийдэж өгөхөд чиглэгддэг. Сүүлийн үед улс төр, нийгэм, эдийн засаг, зах зээлийн өрсөлдөөнтэй холбоотой олон асуудлууд амьдралаас урган гарч байна. Эдгээр нь захирал, удирдлагуудын хувьд ихээхэн ачаалал бий болгож байна. Иймд зөвлөх үйлчилгээ манай улсад сүүлийн таван жилд хүчтэй хөгжиж байна.
-2013 онд “Сайн төсөл амжилтын гараа” нэртэй чуулганыг та санаачлан зохион байгуулж байсан. Энэ үеэр ISO 21500:2013 стандартын эх орондоо мөрдөхөөр тогтсон байдаг. Энэ стандарт хэр мөрдөгдөж, үр дүнгээ өгч байгаа вэ?
Бид 2006 оноос төслийн менежмент гэдэг зүйлийг түлхүү судалсан. Төслийн менежмент нь дээр дурьдсан 50 менежментийн зөвхөн нэг чиглэл юм. Дэлхийд төслийг хэрэгжүүлдэг олон аргууд байдаг. Төсөл гэдэг маань тухайн улс, тухайн байгууллагын ажлын менежмент юм. Дэлхий дээр 10 гаруй төрлийн ажлын менежмент байдаг. Жишээ нь: Япон гэхэд P2M, Австрали ANSCP, Европын улсууд PRINCE2, ICB, АНУ-ын BMBoKзэрэгаргачлалуудаар ажлыг алдаагүй хийдэг менежменттэй. Дэлхийн харилцааны хэл нь англи хэл гэж бүгд хүлээн үөвшөөрсөнтэй ижил дэлхийнажлын хэл бол төслийн менежмент гэдэг ойлголт түгээмэл болсон. Энэхүү олон улсад ашиглагдаж буйтөслийн удирдлагын арга зүйн заавар стандартыг монголын төслүүд хэрхэн хангаж байгаа тал дээр гурван жил судалгаа хийсэн. Монголд төслийн менежмент сул байгаагаас төслүүд хэрэгжиж өгөхгүй удаашралтай, зогсонги байгаа шалтгааныг 21 хүчин зүйлсээр тайлбарласан. Уг хүчин зүйлсээ дүгнэж МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн. Дүгнэлтэд Оюу толгой, Таван толгой, Төмөр зам, Сайншандын цогцолборын төслүүд, утааг бууруулах зэрэгхөгжлийн олон төслүүд маань явахгүй байна. Учир нь бидэнд төсөлт ажлын менежмент дутагдаж байна гээд уулзах хүсэлт гаргасан. Ерөнхий сайд маань дотноор хүлээж аваад нээрээ манай засгийн газрууд олон том зорилт дэвшүүлэн тавьдаг боловч хэрэгжүүлдэг арга зам, ажлын менежмент муутай юм байна. Ер нь бидэнд хэрэгжүүлэх ёстой зүйл байна гээд төрийн нарийн бичиг, сайд нарын түвшинд төрийн ордонд уулзалт хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Олон стандартаас монголд нэгийг нь дагах ёстой юм байна гэж үзсэн. Энэ талаар 50 гаруй томоохон компанийн удирдлагуудтай иргэний танхимд уулзалт зохион байгуулсан. Ингээд PMBoKэсвэл ISO стандартуудын аль нэгийг нутагшуулахталаар ярилцсан. Сонголтоо хийхийн тулд 700 гаруй төслийн менежерүүдийг төрийн ордонд цуглуулж чуулган зохион байгуулсны үр дүнд “ISO 21500:2013 Төслийн удирдлагын арга зүйн заавар” стандартмөрдөхөөр болж үндэсний зөвлөлөөр хэлэлцэгдэж батлагдсан.Төсөлт ажлын менежмент маань юуг, яаж, хэрхэн гэсэн 3 хэмжээсийг 10 менежмент, 39 алхамтай уялдуулж төсөв, цаг хугацаа, хүний нөөцийг тодорхойлж алдааг хамгийн бага байхаар төлөвлөдөг. Бизнесийн байгууллагууд хэрэглээд эхэлчихсэн зөвлөгөө авч байгаа. Эргэж харах зүйлс бас байна. Нэр томьёог нэгтгэх, стандартыг сайжруулах гэх мэт
-Менежментийн урт болон богино хугацааны зөвлөх үйлчилгээний онцлог, ялгаатай тал нь юу вэ?
Манайханд менежментийн мэдлэг, мэдээлэл сул байгаа учраас богино хугацааны зөвлөгөө маань оновчгүй байх тохиолдол олонтаа гарч байна. Тухайн байгууллагад суурийг нь бий болгоод, сэтгэлгээг нь өөрчлөөд, багийн менежментийг нь үүсгэж өгөх хэрэгтэй. Багийн менежментийг нь бий болгож хувь хүний хөгжилд нь ач холбогдол өгч ажиллахгүй бол хувь хүний хувьд сул хүмүүс маань багийн менежмент рүү орж өгдөггүй. Хувь хүний менежменттэй хүсэл мөрөөдөлтэй 10 хүнтэй ажиллах, хувь хүний менежментгүй 10 хүнтэй ажиллах хоёр маш их ялгаатай. Хүмүүстэй холбоотой сэтгэлгээний суурь нь өөрөө зөв байх ёстой. Арга, билэг хосолж байж байгууллагад хөгжил авч ирдэг. Байгууллагын дарга нар аргыг нь заагаад өгчих гэдэг. Сэтгэл байхгүй бол явахгүй л дээ.
-Та бүхэн саяхан “Удирдахуйн ухаан” нэртэй шинэхэн номныг өлгийдөн авлаа. Энэ номны онцлогийн талаар дурьдвал?
-50 менежмент маань хүний эд эрхтэн шиг салгаж болдоггүй зүйл юм. Сайн хөтөлбөр муу стратегитай бол хэрэгждэггүй. Сайн стратеги муу хөтөлбөртэй бол сумгүй буутай л адил. Та сайн маркетингийн менежер байхыг хүсвэл борлуулалтын менежмент, брэнд менежмент, стратегийн болон багийн менежментийг эзэмших шаардлага гарна. Хамгийн багадаа 10 гаруй менежментийг эзэмшиж байж тухайн менежментийг хэрэгжүүлж чадна. Уг ном нь менежер бүрийн ширээний ном байж тулгамдсан асуудалд хариу өгөх зорилготой. Дайчин хүнийг зэвсэг эзэмшсэн чадвараар нь дүгнэдэг. Үүнтэй нэг адил менежер хүн тулгамдаж буй асуудлыг илрүүлж, холбогдох менежментийг ашиглаж буй байдлаар нь ур чадварыг нь үнэлж болно. Удирдагчид, шийдвэр гаргагчид, чиг үүргийн менежер хүн бүр өөрт тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхдээ 50 менежментийн арга аргачлалыг зэвсэг болгон ашиглаж асуудлаа шидэж, асуудлаа ялаасай гэсэн бодол, хүсэл, эрмэлзлэлээр энэхүү ном маань бүтсэн. Энэ бол эхний ном. Нэр томъёог цэгцлэх, үйл явдлыг тодорхойлох, ашиглахад хялбар байх зэрэгт анхаарлаа хандуулсан. Уншигчдыг өдөөж,сонирхолтой байдлаар хийхийн тулд график дизайны баг ажиллуулсан. Зураг авалтын, редакторын, судалгааны багуудыг ажиллуулсан. Нийт 20 гаруй хүнтэй баг ажиллаж байж энэхүү ном маань уншигч олныхоо гар дээр очиж байна. Энэ номыг бичихийн тулд миний бие 100 орчим төр, хувийн хэвшлийн төсөлт үйл ажилагаанд оролцожбайж менежментийн хэрэгцээ, шаардлагын талаар гүнзгийрүүлж ойлгож авсан. 10 гаруй жилийн судалгаа, зөвлөгөө, хэлэлцүүлэг зохион байгуулж байж энэхүү ном маань бий болсон. Бид сайн зэвсэг үйлдвэрлэсэн. Гагцхүү энэхүү зэвсгийг хэрхэн ашиглах, сэтгэл нь уншигч олны хандлагатай холбоотой байх.
-Уг номонд өвөг дээдсийн маань арга ухаан хэр шингэсэн байгаа вэ? Төсөл цаашаа үргэлжлэн явагдах уу?
-Удирдахуйн ухааныг хөгжүүлэх чиглэлээр бид хөтөлбөр, төслийн менежментийг хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөр маань гурван төслөөс бүрдэж байгаа. Энэ нь удирдахуйн ухаан, үндэсний ухаан, сэтгэлгээний ухаан гэсэн чиглэлүүдтэй. Эхний ном маань 50 асуудлыг шийдэх олон улсын онол хандлагад тулгуурлаж 50 менежментийг агуулсан удирдахуйн ухааны бүтээл юм. Дараагийн төсөл маань 50 хүн нэгдэж нэг ном бүтээх гэж байна. 50 менежментийн чиглэлийн дагуу холбогдох эрдэмтэд нэгдэнэ. Нийлээд өнгөрсөн түүхээ 50 чиглэлээр нэг сайтар судлах юм. Тэрхүү 50 асуудлыг монголчууд хэрхэн шийдэж ирсэн бэ гэдэг нь их сонирхолтой. Эрт үеэсээ эдгээр 50 асуудлыг шийдэх гээд оролдож л байсан байж таараа. Ингэхээр 50 асуудал 2200 жилийн өмнө бас байсан байна. Асуудлаа тэнгэрт хандан ярьж, сайн шийдэл өгөхийг гуйдаг байсан. Магадгүй тэнгэр харж асуудлаа шийдүүлэх энэ оролдлого нь зурхайн ухааныг хөгжүүлсэн байж ч болох юм. Бид 50 асуудлаа байлдаанаар шийдэж байсан үе бий. Бусад улс орныг өөрийн эрхшээлд оруулж татвар төвлөрүүлэх нь хөрөнгө оруулалтын менежментийн шийдэл байсан байж болох юм. Сүүлийн хэдэн зуун жилдламын ухаанаар асуудлуудаа шийдүүлэх болсон байна. Өнөөдөр бид шинлэх ухааны аргаар асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Олон улсын менежментийн хандлага, арга ухааныг эхний ээлжинд “Удирдахуйн ухаан” ном болгоод гаргачихлаа. Энэ маань асуудлыг шийдэх суурь нь болж байгаа юм. “Үндэсний ухаан” номонд Монголчуудын 50 асуудлыг шийдсэн шийдлүүдийг тусгана. Тухайлбал өөрчлөлтийн менежментийн чиглэлээр манай улс өнгөрсөн 2200 жилд хэдэн удаа өөдөлж, унаж доройтож өөрчлөгдөж явсан талаар дурдагдах юм. Эдгээр өөрчлөлтүүд нь ямар шийдвэрүүдээс шалтгаалж байсан талаар судлах гэж байна.Үүнтэй адил зөрчилдөөний, чанарын, хувь хүний олон менежментийн шийдлүүдийг тодорхойлно. Ийнхүү судлаад ирэхээр одоо бидний улс төрд гаргаж байгаа шийдвэрүүд зөв буруу эсэхэд дүгнэлт хийхэд ашиглагдах боломжтой болно.Хоёр дахь номон дээр оролцох 100 эрдэмтэн 100 үндэсний топкомпани оролцсон арга хэмжээ ирэх хоёрдугаар сарын 5-ны өдөр Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдана. Монголын түүх үнэ цэнэтэй юм гэдгийг менежментийн чиглэл бүрийн багш нар нэгдэж зарлан тунхаглах гэж байна. Асуудаа шийдэхийн тулд судалгаа явуулах нь зөв юм байна гэж үзсэн. Удирдахуйн ухаан дээр суурилсан үндэсний ухаанаа хамгаалъя, судлая гэдэг дээр монголын менежментийн эрдэмтэд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашид эдгээр шийдлүүдийг дэлхийн биет бус өвд судалсан эрдэмтдийн нэрээр бүртгүүлэх ажил эхэлсэн байгаа.
-“Удирдахуйн ухаан” ном яг ямар хүмүүст түлхүү хэрэглэгдэх вэ?
-Хүн бүрийн ширээний ном юм. Асуудалтай хүн бүрийн унших ном юм. Хүн бүр менежер юм.
-Номыг хаанаас санхүүжүүлсэн бэ?
Бид Очир-Ундраа групп дээр 6 сарын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Тус байгууллагын ерөнхийлөгч Т.Гантөмөр захирал “та их гоё зүйлс их ярьлаа. Гэвч гартаа бариад үлдэх юмгүй байна. Үүнийг хүн бүр сонсож мэдэх хэрэгтэй юм байна, зардал болон хэвлэлтийнх нь асуудлыг шийдэж өгье “гэсэн санал гаргасан. Энэ нь бидэнд сэтгэлийн дэм болж ажилдаа шаргуу орсон. Энэ завшааныг ашиглаад Т.Гантөмөр захирал болон хамт олонд нь баярласнаа илэрхийлье. Та бүхний хөрөнгө оруулсан оюуны бүтээл маань манай улсын сэтгэлгээний их суврага болж, түмэн олны уншсан хуудас бүр ерөөл болон үржиж танд болон танай хамт олонд буян болж хурах болтугай гэж хүсэн ерөөе. Харин хоёр дахь ном бол зөвхөн нэг компанийн дааж гарах асуудал биш юм. 50 эрдэмтэн, үндэсний компаниудын улс орноо хөгжүүлэх, цэгцлэх, менежментийн ухааныг хөгжүүлэх, өөрсдийнхөө үйл ажиллагаанд хэрэглэх тэр сонирхол дээр үүсэх ёстой.
-Гурав дахь ном бүтээх төслийнхөө талаар?
-Гурав дахь ном бол маш их сонирхолтой. Монголчуудын 2500 жилд хурааж хуримтлуулсан асуудлыг шийдэх шийдлүүд болон дэлхий нийтийн 50 менежментийн онол, хандлага, арга зүй, аргачлалыг таван ухаанд нэгтгэж бичигдэх юм. Энэ ном менежментийн ухаан, түүхийн ухаан, филисофийн ухаан, шашны ухаан, тэнгэр ухаан дээр тулгуурлана. Өнөө үеийн бид шийдвэр гаргахдаа юу нь болох, юу нь болохгүйг тодорхойлсон бүтээл байх болно.
-Таньд баярлалаа. Танд сүүлийн асуултыг үлдээе.
-Эдгээр төслүүдийг маань Удирдлагын академийн хамт олон, Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэн, МҮХАҮТ, “Шангрила” зочид буудал, “Мөнхийн үсэг” компани зэрэг маш олон байгууллага, хувь хүмүүс дэмжиж байгаа. Та бүхнийхээ сэтгэлийн цацал, ухааны дэмээр энэхүү удирдахуйн ухааныг хөгжүүлэх хөтөлбөр маань амжилттай хэрэгжинэ гэдэг итгэлтэй байна. Монгол хүн, монгол мэдлэг дэлхийд үнэ цэнэд хүрэх цаг удахгүй ирнэ ээ.


















