Ц.Уртнасан: Малчид мөнгөтэй болсон үедээ даатгалаа төлөх бүрэн бололцоотой...
Гэрээгээр бол аль болох байнгын бус орлоготой албан бус секторт ажиллагсад, малчид, хувиараа бизнес эрхэлдэг иргэдтэй нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацааны дараа гэрээгээр төлөх зориулалт үйлчилж байгаа. Би хүү тооцох хэлбэрээр явахгүй байгаа гэж бодож байгаа.
Мэдээллийн алба

НДЕГ-ын дарга, Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Ц.Уртнасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийгмийн даатгалд даатгуулагчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор та бүхэн ямар ажил хийж байна вэ?
-Билгийн тооллын морин жил гарч, бүхий л салбар хувь хүмүүс өнгөрсөн оны ажил хэргээ дүгнэн хэлэлцэж байгаа билээ. Могой жилд буюу 2013 оны санхүүгийн жилд Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагчдад хүргэх чиглэлээр, бас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр манай нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагын ажилтнууд чармайж ажиллалаа. Үүнээс цохон дурдвал нийгмийн даатгалын үйлчилгээний маркетингийг сайжруулах, даатгалд хамрагдагчийн тоог нэмэгдүүлэх даатгалд хамрагдах иргэдийн өөрсдийн хүсэл зоригийг өрнүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүний нэг нь “Нийгмийн даатгалтай малчин” улсын уралдааныг Монголын үндэсний радиотой хамтран орон даяар зохион байгууллаа. Ингэж албан бус секторт ажиллагсад тэр дундаа хөдөө аж ахуйн салбар, малчдыг даатгалд хамруулах чиглэлээр олон нийтийн хөдөлгөөн идэвх санаачилгыг өрнүүлэх уралдаан зохион байгууллаа. Энэхүү уралдааныг нийгмийн даатгалд хамгийн олон малчин хамруулсан сумын Засаг дарга, болон багийн Засаг дарга, малчдыг шалгаруулах гэсэн үе шаттайгаар зохион байгуулсан. Уралдаанд хамгийн олон малчнаа даатгуулсан буюу 550 орчим малчин иргэнээ нийгмийн даатгалд хамруулсан амжилтаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумийн Засаг дарга Баттулга тэргүүн байрт орсон. Мөн багийнхаа хамгийн олон малчин буюу 230 гаруй малчдыг нийгмийн даатгалд хамруулсан амжилтаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын дөрөвдүгээр багийн Засаг дарга Пүрэвтогтох шалгарлаа. Ингээд Монголын радиотой хамтран зарласан уралдааныхаа шагналыг хэд хоногийн өмнө орон нутагт нь гардуулан өгч иргэд, малчдыг нийгмийн даатгалд хамруулахад идэвхи зүтгэл гаргасан төрийн албан хаагчдыг урамшуулсан.
-Малчид маань тогтвортой бус орлоготой байдаг хүмүүс. Тэдний санааг нь зовоож байгаа асуудал бол хүүний асуудал. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь бол даатгал гэдэг хоёр талдаа үүрэг хариуцлага хүлээдэг. Тэгэхээр даатгуулагч бол даатгалын шимтгэл, хураамжаа цаг хугацаанд нь төлөх үүрэгтэй. Нөгөө талдаа амьдралд нь эрсдэл тохиолдсон үед Нийгмийн даатгалын сангаас олгох үйлчилгээг нийгмийн даатгалын байгууллага саадгүй олгох үүрэг хүлээж ажилладаг. Гэрээгээр бол аль болох байнгын бус орлоготой албан бус секторт ажиллагсад, малчид, хувиараа бизнес эрхэлдэг иргэдтэй нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацааны дараа гэрээгээр төлөх зориулалт үйлчилж байгаа. Би хүү тооцох хэлбэрээр явахгүй байгаа гэж бодож байгаа. Аль болохоор гэрээнд заасан хугацаанд даатгуулагчийг төлөхийг шаардаж байгаа. Бусдаар бол хугацаа хоцорсноос үүдэж ямар нэгэн торгууль ногдуулах ёсгүй. Тийм болохоор ийм ойлголт байх ёсгүй. Энэ бол буруу ойлголт.
-Малчид хавар ноолуурын үеэр даатгалаа бүтэн жилээр нь төлье гэдэг юм билээ. Энэ боломжтой юу?
-Гэрээн дээр хэдий хугацаагаар даатгуулах вэ даатгалынхаа шимтгэлийг хэзээ төлөх вэ гэдгийг маш тодорхой заагаад, малчид мөнгөтэй, орлоготой болсон үедээ төлөх бүрэн бололцоотой байгаа шүү дээ.
-Төрийн банкинд яг энэ нийгмийн даатгалтай холбогдсон ямар үйлчилгээ байдаг юм бэ?
-Нийгмийн даатгалын үйлчилгээг банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч олгодог. 10 орчим арилжааны банкуудтай бид байнгын хамтын ажиллагаатай байдаг. Тухайлбал, Төрийн банктай хамтарч нийгмийн даатгалын үйлчилгээний “Ко Брэнд” картыг гаргасан. Түүнчлэн санхүүгийн зах зээл дээр анх удаа нийгмийн даатгалын үйлчилгээний эхлэлийг тавих зорилго тавиад ажиллаж байна. Энэ үйлчилгээ бусад банкуудад ч нээлттэй байгаа. Аль болохоор иргэд даатгуулагчдад чирэгдэл учруулахгүй хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорилгоо болгож байгаа хэрэг.
www.ndaatgal.mn


















