Цагаанчулуут суманд 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр ашиглалтад оров
2012 онд орон нутгийн төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шавыг нь тавьж байсан Завхан аймгийн Цагаанчулуут сумын Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургууль шинэ хичээлийн байртай болжээ.
Мэдээллийн алба

2012 онд орон нутгийн төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шавыг нь тавьж байсан Завхан аймгийн Цагаанчулуут сумын Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургууль шинэ хичээлийн байртай болжээ. Хичээлийн шинэ байрыг улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулсан байна.
Цагаанчулуут сумын Ерөнхий боловсролын дунд сургууль 1953 онд байгуулагдсан бөгөөд 1978 онд 160 хүүхдийн суудалтай хичээлийн байр, дотуур байр, спорт заал ашиглалтад орж байжээ. Ийнхүү 38 жилийн дараа тус сургууль 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байртай болж багш, сурагчид тохилог орчинд хичээл сургалтаа явуулж илүү хөгжих боломж бүрдээд байна.
Шинэ байр ашиглалтад орохоос өмнө хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэж, байрны хүрэлцээ хангамж муу байсан бол одоо нэг ээлжээр хичээллэж, сурагчид үдээс хойшдоо өөр өөрийн сонирхсон хичээлийнхээ дугуйланд хамрагдаж эхэлжээ.
Цагаанчулуут сумын есөн жилийн дунд сургуульд одоогоор 180 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд цаашид 12 жилийн бүрэн дунд сургууль болох зорилт тавьжээ. Ингэснээр хүүхдийн тоо нэмэгдэж, 300 орчим суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулах аж.


















