Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга бүрэн бүрэлдэхүүнээр Буриад улсад тоглолт хийжээ

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга бүрэн бүрэлдэхүүнээр Бүгд Найрамдах Буриад улсад тоглоод ирлээ. Тоглолт Монгол болон Бүгд Найрамдах Буриад Улс хоорондын хамтын ажиллагаа, найрамдлын гэрээний соёлын солилцооны хүрээнд өнгөрсөн долоо хоногт Улан-Үд хотноо болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга бүрэн бүрэлдэхүүнээр Буриад улсад тоглолт хийжээ
Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга бүрэн бүрэлдэхүүнээр Буриад улсад тоглолт хийжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга бүрэн бүрэлдэхүүнээр Бүгд Найрамдах Буриад улсад тоглоод ирлээ. Тоглолт Монгол болон Бүгд Найрамдах Буриад Улс хоорондын хамтын ажиллагаа, найрамдлын гэрээний соёлын солилцооны хүрээнд өнгөрсөн долоо хоногт Улан-Үд хотноо болсон байна.

“Найрамдал” нэртэй тус тоглолт Оросын нэрт зүтгэлтэн Бестужевын нэрэмжит Оросын драмын театрт хоёр өдрийн турш үргэлжилсэн байна. Тоглолтын хөтөлбөрт нь симфони найрал хөгжим, Монгол, Буриад Орос олны танил эртний дуунууд, морин хуур, монгол ардын болон орчин үеийн мөн цэргийн бүжиг зэрэг багтжээ.

Тоглолтыг нээж, Буриадын төрийн тэргүүн Алексей Цыденов үг хэлэхдээ, манай хоёр ард түмэн, хамтын түүх, хамтын нөхөрлөлийн зуун жилийн асар баялаг түүхтэй. Энэ онд Халх голын ялалтын 85 жилийн ой тохионо. Энэ бол том тэмдэглэлт ой. Ойн баярыг тэмдэглэхээр бид ч бэлтгэлээ хангаж байна. Монгол Улсын цагдаагийн ерөнхий газрын алдарт чуулгынхны тоглолт үзнэ гэдэг бидний хувьд том завшаан. Та бүхнийг өөрийн гэртээ хүлээн авна гэдэг нь нэр төрийн хэрэг юм“ гэжээ.

“Сүлд” чуулгын түүх 1936 онд Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд сэргийлэхийн сайн дурын уран сайханчдын клуб байгуулагдсанаар эхэлсэн түүхтэй. Харин нэн шинэ түүхийг 1991 оноос “Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг”-ийг байгуулах Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаал гарснаар эхлүүлжээ. Үүсгэн байгуулагч нь Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн дуу бүжгийн чуулгын дарга асан, хурандаа П. Хаянхярваа байсан юм. Тэр цагаас хойш тус чуулгын уран бүтээлчид дотоод, гадаадын тэмцээн уралдаануудад улсаа төлөөлөн, амжилттай оролцсоор байна.

Хуваалцах