Цахилгаан эрчим хүчний хяналт удирдлагын арилжааны автоматжуулсан систем нэвтрүүлжээ
"Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компани нь Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нийт 26 сумын 4315 аж ахуйн нэгж, 41553 өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, борлуулах үйл ажиллагаа явуулдаг.
Мэдээллийн алба

"Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компани нь Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нийт 26 сумын 4315 аж ахуйн нэгж, 41553 өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Эрчим хүчний салбарт хамгийн анх удаа хувийн хэвшилд шилжин, зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа цорын ганц компани гэдгээрээ онцлогтой.
Тус компанийн хамт олон 2016 оны ажлаа дүгнэж, 2017 оны ажилдаа орсон, төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн амжилттайгаар шинэ оноо угтаж байна. "Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компани цахилгаан эрчим хүчний хяналт удирдлага арилжааны автоматжуулсан системийг нэвтрүүлжээ. Ингэснээр компанийн төв серверээс бүх байгууламжуудын мэдээлэл хэрэглэгчдийн тоолууруудын үйл ажиллагааг хянаж, удирдан, тухайн объектод суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн үзүүлэлт, шаардлагатай мэдээллүүдийг өгөгдлийн бааздаа хадгалж, арилжааны системтэй холбох, диспетчер дээр хянах шинэ систем болоюсруулах боломж бүрдсэн байна.
Мөн найман төрлийн тоолуурын загвар зохион бүтээж, Оюуны өмчийн газарт бүртгүүлэн, Хятадад туршилтын загвараа үйлдвэрлэж байгаагаа танилцуулав. "Танай компани дээр хүндрэлтэй ямар асуудал байна” гэсэн асуултад тус компанийн Ерөнхий инженер Б.Батжаргал "Ямар нэг асуудал алга” хэмээн хариулж байсан юм. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Эрчим хүчний салбарыг хувийн хэвшил дээр тулгуурласан өрсөлдөөнт зах зээлд шилжүүлэх асуудлыг төрөөс баримтлах бодлого дээрээ тусгасан. Монгол Улс зах зээлд шилжээд хорь гаруй жил болж байна. Энэ хугацаанд хувийн хэвшилд бүрэн шилжсэн эрчим хүчний ганц компани бол Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани. Танай байгууллагыг төрийн өмчийн бусад байгууллагуудтай харьцуулахад өмчдөө хандах хандлага, ажлын үр бүтээл, хөрөнгө оруулалт гээд олон зүйл эмх цэгцтэй байгаад баяртай байна. Та бүхний үйл ажиллагааг бүгд анхаарч, харж байгаа. Тиймээс илүү хариуцлагатай, сайн ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын шинэчлэлийн үр дүнгээ сайтар тооцож технологио шинэчлэхийн хажуугаар боловсон хүчнээ сургах ажлыг байнга шат дараатайгаар зохион байгуулах хэрэгтэй. Хэрэглэгч бол хаан гэдэг үгийг байнга санаж, хэрэглэгчээ дээдэлсэн үйл ажиллагаа явуулаарай” гэж онцлон захиж байсан юм.



















