Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн долоодугаар сарын 21-ний өдөр айл өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний 1квт.ц үнэ тарифыг таван төгрөгөөр нэмэгдүүлэх тухай тогтоолуудыг баталсан тухай мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ
Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн долоодугаар сарын 21-ний өдөр айл өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний 1квт.ц үнэ тарифыг таван төгрөгөөр нэмэгдүүлэх тухай тогтоолуудыг баталсан тухай мэдээлсэн.

Уг тогтоолуудын хоёр дахь хэсгээр баталсан тарифыг наймдугаар сарын 10-ны өдрөөс мөрдөх, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг аж ахуй эрхлэгчдэд үүрэг болгосноор хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу дээр дурдсан тогтоолуудад холбогдох аж ахуй эрхлэгчдийн цахилгааны үнэ тарифын өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог.

Гэтэл тус газраас зөвшөөрөл олгоогүй байхад Эрчим хүчний зохицуулах хороо нь хүсэлт гаргасан аж ахуй эрхлэгчдийн цахилгааны тарифыг мөрдөх, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг үүрэг болгосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.1, 13.2, 13.2.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Түүнчлэн зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчид нь өөрийн бараа бүтээгдэхүүний үнэ тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг бөгөөд нэр бүхий зургаан зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчид уг үүргээ зөрчин цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлжээ.

Тус газрын зөвшөөрөлгүйгээр цахилгаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлэн мөрдүүлж эхэлсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн "6.1, 6.1.1, 6.1.2. дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн болохыг өнгөрсөн наймдугаар сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоожээ. Ингээд зөрчлүүдийг арилгаж хариу мэдэгдэх тухай Улсын байцаагчийн албан шаардлагыг энэ сарын 1-ний өдөр нэр бүхий зургаан аж ахуй эрхлэгчид хүргүүлэв.

Мөн хууль бусаар цахилгааны үнийг 2014 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэн мөрдүүлж эхлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгох талаар албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлэв. Түүнчлэн хууль зөрчсөн дараах аж ахуй эрхлэгчдийг өмнөх жилийн борлуулалтын орлогын 0.5 хувиар, албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн захиргааны арга хэмжээг авчээ.

№ Аж ахуй эрхлэгч, албан тушаалтан Торгууль /төг/

1 "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 89.436.259

2 "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 48.593.255

3 "Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК 23.651.190

4 Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 13.336.992

5 "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК. 9.022.355

6 "Хөвсгөл-Эрчим хүч" ОНӨХХК 1.490.405

7 Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр 960.000

8 Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Т.Ган-төмөр 960.000

9 Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Р.Мягмар 960.000

10 Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан 960.000

Түлхүүр үг:Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ
Хуваалцах