“Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хэрэгжих программ хангамжийг нэвтрүүлнэ
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар ээлжит шуурхай хурлын үеэр эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудаа тайлагнаж, цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хурал болжээ. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар ээлжит шуурхай хурлын үеэр эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудаа тайлагнаж, цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулжээ.
Хурлын хүрээнд НЭМГ-ын хэлтсийн дарга нарын зүгээс харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад мэдээлэл өгч, зарим чиглэлд хэрхэн анхаарч ажиллах талаар танилцуулсан байна.
Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганцэцэг өрхийн эрүүл мэндийн төвийн даргатай байгуулах гүйцэтгэлийн гэрээний шинэчилсэн журмын талаар мэдээллээ. Мөн цахим эрүүл мэнд төслийн хүрээнд хэрэгжиж буй E-Health программ хангамжийн нэвтрүүлэлтийн байдалд Багануур, Багахангай, Налайх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хийсэн хяналтын үйл ажиллагааны талаар мэргэжилтэн Б.Баярсайхан эмнэлгийн удирдлагуудад хүргэсэн байна.
Энэ үеэр өрхийн эрүүл мэндийн төвийн орлого, зарлагын тайланг хугацаанд нь ирүүлэх, албан тоотын хэрэгжилтийг хангах, ЭМЯ-ны харьяа байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөө зэрэг мэдээллийг холбогдох хэлтсийн дарга нар өглөө. Хурлын төгсгөлд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар тодорхой хүрээнд хийгдэх ажлуудад зохих ёсоор хяналт тавьж, анхаарч ажиллах үүрэг даалгаврыг харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад өгчээ.


















