Цахим гадуурхал гэмт хэрэг мөн үү
Ухаалаг гар утас, интернет ердийн хэрэглээ болсон энэ цагт хүүхэд бүр өөрийн фейсбүүк, инстеграм, твиттер, и-мэйл хаягтай болж, анги сургууль, найз нөхдөөрөө нэг групп үүсгэн ашиглах нь энгийн асуудал болжээ.
Мэдээллийн алба

Ухаалаг гар утас, интернет ердийн хэрэглээ болсон энэ цагт хүүхэд бүр өөрийн фейсбүүк, инстеграм, твиттер, и-мэйл хаягтай болж, анги сургууль, найз нөхдөөрөө нэг групп үүсгэн ашиглах нь энгийн асуудал болжээ. Сүүлийн жилүүдэд ЕБС-ийн сурагчид фейсбүүкийг хамгийн түгээмэл ашигладаг болсон бөгөөд эхэндээ сонирхсон мэдээллээ солилцох, өөрийн болон найз нөхдийнхөө фото зургийг тавьж, гэрийн даалгавраа нэгнээсээ асуудаг байснаа эдүгээ бие биенээ дээрэлхэх, дургүй хүрсэн үедээ түүнийг шууд найзаасаа хасах давалгаа үүсгэж, янз бүрийн үг хэллэгээр дайрч доромжлох, муулах талбар болгон ашигласны улмаас сурагчид цахим гадуурхал буюу халдлагад өртөж, сэтгэл санааны хүнд дарамтад орон ганцаардах, амиа хорлох тохиолдол нилээд нэмэгдсэнийг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Судалгаанаас харахад ойр дотны найзууд муудалцсан, нэг ангийнхан хоёр талцсан үед эцэг эх, багш нарын хараа хяналт сул байгааг далимдуулан сурагчдын дунд “цахим гадуурхал” гэх шинэ төрлийн гэмт хэрэг маш хурдацтайгаар цар хүрээгээ тэлж, эцэстээ хүүхэд цочирдолд орж, ганцаардан амь насаа хорлох үйлдлийг сонгоход хүргэж байна.
Хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсон цахим орчин энхрий үрсэд маань хар сүүдрээ хэдийнээ тусгаж эхэллээ.
Хүүхдүүд цахим орчинд маш харгис, ширүүн ааштай болж, бие биенээсээ өшөө авах хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь тэнд ямар нэгэн хараа хяналтгүй, нэр хаягаа нууцалж болдог учраас ингэж дураараа дургидаг ажээ. Иймд хүүхдүүд цахим ертөнцөд юу хийж байгаад нь хараа хяналтаа чиглүүлэхгүй аваас Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангид заасан хэл амаар доромжлох, цахим хаягаар ор үндэсгүй гүтгэж бусдыг амиа хорлоход нөлөөлсөн гэх үндэслэлээр бүр хорих ял хүртэл оноодог гэмт хэрэг үйлдэхэд ойрхон байгааг анхаарах нь зүйтэй. Танай хүүхэд цахим дарамт, доромжлолд өртөж байгаа эсэх, эсвэл хэн нэгнийг цахимаар гадуурхах аянд нэгдсэн эсэхийг мэдэхийн тулд тэднийг гар утас ба интернет сүлжээ ашиглаж байхад нь нүүр царайны хувирал, огцом сэтгэл хөдлөл, уур уцаар, гутралын шинж төрх гаргаж байгаа бол хүүхэдтэйгээ дотончлон ярих, багш болон найз нөхөдтэй нь харилцаа тогтоон хамтран ажиллах нь болзошгүй эрсдлээс сэргийлэхэд тус болох бизээ.
Цахим гадуурхлын золиос болон амиа хорлосон хүүхдүүдийн гунигт түүх дахин ийм хэрэг битгий гараасай гэсэн анхааруулга, сануулга болон үлдсэн бөгөөд сөрөг муу мэдээллээр дүүрэн цэнэглэгдсэн “цахим бороохой”-н өмнө та бидний үр хүүхэд хэтэрхий уян, эмзэг турьхан билээ.
Иймд багш, эцэг эхчүүд та бүхэн энэ мөчөөс сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цахим ертөнц сануулж байна.
Дундговь аймаг МХГ-ын Боловсрол, соёлын хяналтын улсын б/ч Л.Ганбат


















