Цахим гадуурхалд өртсөн хүүхэд хичээл сурлагадаа мууддаг
Орчин цагт хүн бүр өөр өөрийн цахим хуудастай болж, түүгээрээ дамжуулан үзэл бодол, санаа зорилгоо илэрхийлдэг болжээ. Цахим орчин хэт их дэвшилтэт, хөгжингүй болох тусам хүний хэрэглээ нэмэгдэж, түүнийгээ дагаад сөрөг үр дагаварууд ч гарсаар байна.
Мэдээллийн алба

Орчин цагт хүн бүр өөр өөрийн цахим хуудастай болж, түүгээрээ дамжуулан үзэл бодол, санаа зорилгоо илэрхийлдэг болжээ. Цахим орчин хэт их дэвшилтэт, хөгжингүй болох тусам хүний хэрэглээ нэмэгдэж, түүнийгээ дагаад сөрөг үр дагаварууд ч гарсаар байна. Энэ бол цахим гадуурхал. Цахим гадуурхал өсвөр насныхан буюу ЕБС-ийн сурагчдын дунд нийтлэг ажиглагдах болсон байна. Өнөөдөр фэйсбүүк хаяггүй өсвөр насны хүүхэд бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Хүүхэд ихэвчлэн сургуулийн орчин болон найз нөхдийнхөө хүрээнд цахим гадуурхалд өртдөг байна.

Цахим гадуурхалд өртсөн хүүхэд сэтгэлээр унах, хичээл сурлагадаа муудах, тамхинд орох, цаашлаад архи дарс уудаг байна. Хамгийн муу үр дагавар нь амиа хорлолт. Сүүлийн 4 жилд л гэхэд сэтгэл гутрал, цахим гадуурхал, хүчирхийлэлд өртсөнөөс болж 92 хүүхэд амиа хорлосон байна. 10 хүүхэд тутмын 3 нь амиа хорлох тухай бодож, 1 нь туршиж үзсэн гэх ч мэдээлэл байгаа юм. Тиймээс цахим гадуурхлыг таслан зогсоохын тулд эцэг эх, багш сурагчдын харилцаа холбоог нэмэх шаардлагатай байгаа юм. Сургуулийн хүүхдүүд ихэвчлэн санаандгүй даруулсан зураг, бичлэгээс болж цахим гадуурхалд өртдөг. Мөн мэдээлэл доор бичигдсэн сөрөг сэтгэгдлээс ч ийм байдал үүсдэг байна. Тиймээс цахим орчинд нэгнийгээ хүндэтгэж, соёлтой харилцахыг хүүхдүүд уриалж байна.
"Цахим хэрэглээ, цахим гадуурхал" сэдэвт сургалтыг бүх дунд сургуулийн нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулж байна. Энэ үеэр эцэг эхчүүд хүүхдүүдээ сайтар ажиглаж, илэн далангүй ярилцаж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байсан юм.


















