Цас, мөс хайлуулах бодис 500 тонныг нэмж авна
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл өвөлжилтийн ажилд эрчимтэй бэлтгэж байна.
Мэдээллийн алба

Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл өвөлжилтийн ажилд эрчимтэй бэлтгэж байна. Тэд энэ өвөл нийслэлийн төвийн хэсгийн 260 км замын цас, мөс хальтиргаа гулгааг цас шүүрдэж хусдаг, бодис цацдаг “Камаз” маркийн 5 машин, бодис цацдаг төхөөрөмж суурьлуулсан 6 “Портер”, “Автотрейлер” 1, “Ковш” 2, “Hino” маркийн 2 машинтайгаар харицан ажиллах юм. Өмнөх жилүүдэд зам цэвэрлэгээний ажилтнууд цэвэрлэдэг байсан бол энэ жилээс ногоон байгууламжийн цэцэрлэгчид, зам цэвэрлэгээний машины ажилтнууд зэрэг улирлын чанартай ажил гүйцэтгэдэг хүмүүсээр хүний нөөцөө нэмэгдүүлж нийт 140 хүн ажиллахаар боллоо. Одоогоор нөөцөнд 300 тн цас хайлуулах давс бэлэн байгаа бөгөөд Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нэмж 500 тн бодис авахаар тендер зарлалаа. Мөн байгаль орчинд хор нөлөөгүй цас мөс арилгагч шингэн уусмалыг энэ өвөл шинээр туршиж үзэх юм байна.


















