Цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатайг онцоллоо
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар цацрагийн үүсгүүр болон рентген тоног төхөөрөмж ашиглаж буй 14 байгууллагад хяналт шалгалт хийсэн байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар цацрагийн үүсгүүр болон рентген тоног төхөөрөмж ашиглаж буй 14 байгууллагад хяналт шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтаар их эрсдэлтэй 3, дунд эрсдэлтэй 9, бага эрсдэлтэй 2 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 165 зөрчил илрүүлж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан МУИС-ШУС, ШУТИС, Шинжлэх ухааны академийн харьяа Физик технологийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг 5 байгууллагын цацраг идэвхт үүсгүүр, рентген багаж, тоног төхөөрөмж ашиглах үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 8 байгууллагад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 70 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, нийт 2 304 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.
Хяналт шалгалтаар ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн, тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд сунгуулаагүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй, цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, тооллогын дүн, дотоод хяналтын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт, мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт хамруулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Нийтлэг илэрч буй зөрчил нь тухайн байгууллагын удирдлагын менежмент сул, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлээгүй, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мөрддөггүйтэй холбоотой аж.
Иймд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацрагийн соёлыг хэвшүүлж, хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, дотоод хяналтыг сайжруулж ажиллах шаардлагатай байна.


















