Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ-ын дэд дарга Ш.Ганболд, хурандаа С.Баатаржавтай үүрэгт ажлаа хүлээлцлээ

Өөрийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сайхь дэд дарга Ш.Ганболдыг үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь нийслэлийн цагдаагийн дарга С.Баатаржавыг томилжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦЕГ-ын дэд дарга Ш.Ганболд, хурандаа С.Баатаржавтай үүрэгт ажлаа хүлээлцлээ
ЦЕГ-ын дэд дарга Ш.Ганболд, хурандаа С.Баатаржавтай үүрэгт ажлаа хүлээлцлээ. Зураг: МҮОНРТ

ХЭҮК-ын шаардлагаар олон нийтэд ил болоод байсан гяндан сандал буюу залхаан цээрлүүлэх сандлын шуугиан өнөө хэр нь олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ асуудлыг онцгой анхааралдаа авч, орон даяар бүх цагдаагийн хэлтэст тараагдсан гяндан сандлыг эргүүлэн татаж авах үүргийг ЦЕГ-ын дэд дарга Ш.Ганболдод үүрэгдсэн. Гэвч тэрээр сайдынхаа өгсөн үүргийг үл тоомсорлон өнөөдрийн хүртэл бүх аймаг сумын цагдаагийн хэлтэст тараагдсан 400 ширхэг гяндан сандлыг эргүүлэн татах ажлыг эхлүүлээгүй, харин ч ямар нэгэн шалтгааны улмаас гацаагаад байжээ.

Өөрийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сайхь дэд дарга Ш.Ганболдыг үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь нийслэлийн цагдаагийн дарга С.Баатаржавыг томилжээ.

Энэ талаар одоохондоо албаны хүмүүс мэдээлэл хийхээс зайлсхийж байгаа бөгөөд Т.Сайнжаргал хурандаа ч ээлжийн амралттай байна, тодорхой мэдээлэлгүй байна гэв.

Юутай ч ЦЕГ-ын дэд дарга Ш.Ганболд ажлаа хүлээлцсэн тухай албан бус мэдээлэл байна.

Дашрамд өгүүлэхэд, Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсаны дараахан Цагдаагийн бүх бие бүрэлдэхүүнд бүтцийн өөрчлөлт хийсэн юм. Тэрхүү өөрчлөлтүүдийн нэг нь ЦЕГ-ыг хоёр дэд даргатай байлгахаар болсон. Тиймээс дэд дарга асан цагдаагийн хурандаа Ш.Ганболдын хувьд мөрдөн байцаах болон мэргэжлийн үйл ажиллагааг нь хариуцдаг чиг үүргийн дарга байсан аж. Энэхүү үүргийнхээ дагуу дуулианд гяндан сандлыг эргүүлэн татах үүрэг түүнд оногдсон юм байна.

Чухам ямар шалтгааны улмаас сандлыг эргүүлэн татаагүй талаарх тайлбар, мэдээллийг одоогоор өгөх боломжгүй хэмээн эх сурвалж онцлов.

Тус гяндан сандалтай холбоотой албаны хүмүүсийг шалгаж байгаа, хариуцлага тооцно хэмээн Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин өмнө мэдэгдэж байсан ч өнөөдрийн хүртэл ЦЕГ-ын дарга Т.Билэгт ажлаа хэвийн хийсээр байна. Учир нь гяндан сандлыг 2012 оны долоодугаар сарын сүүлээр БНХАУ-аас 400 ширхэгийг 626 мянган юаниар буюу монгол төгрөгөөр бол 150 сая гаруй төгрөгөөр худалдаж гэрээг хийсэн, улмаар тушаал гаргасан хүн бол ЦЕГ-ын дарга асан цагдаагийн генерал Д.Сандаг-Очир юм. Харин түүний тушаалаар худалдаж авсан сандлыг цагдаагийн бүх нэгжүүдэд тараах тушаалыг гаргасан хүн бол одоогийн ЦЕГ-ын дарга Т.Билэгт юм.

Тиймээс, “Цагдаагийн байгууллагын бүх нэгжүүдэд тараасан тусгай зориулалтын уг сандал нь эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох хэлбэр мөн болох тухай, түүнчлэн цаашид үүсэх эрсдлийн талаар үндэслэл бүхий шаардлагыг Монгол Улсын ХЭҮК-оос ирүүлсээр байтал таслан зогсоох арга хэмжээ аваагүй, хүний эрхийг тууштай хамгаалах чиглэлээр Хууль зүйн яамнаас баримталж байгаа үүрэг чиглэлийг хэрэгжүүлээгүй” хэмээн үзэж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ш.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажээ.

Цаашид ЦЕГ-ын дарга хурандаа Т.Билэгтэд ямар эрхзүй хариуцлага тооцохыг Хууль Зүйн сайд Х.Тэмүүжингээс олон нийт харах л үлдлээ.

Түлхүүр үг:ЦЕГ-ын дэд дарга Ш.ГанболдС.БаатаржавГяндан сандалзалхаан цээрлүүлэх сандал
Хуваалцах