“Цемент-Шохой” ХК “Алтан Гадас” одонгоор шагнагдлаа
Ерөнхийлөгчийн зарлигт “Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн 30 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрийн хамт олны олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Сэлэнгэ аймаг дахь Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийг Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймаг дахь Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн 30 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрийг Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Хөтөлийн “Цемент-шохой” ХК-д хүрэлцэн очиж байгуулллагынх нь туганд Алтан гадас одонг уржигдар зүүж өгсөн юм.
Ерөнхийлөгчийн зарлигт “Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн 30 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрийн хамт олны олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Сэлэнгэ аймаг дахь Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийг Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хуран цугласан та бүгдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж айсуй 2014 оны шинэ жилийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийг төрийн дээд одон-Алтан гадас одонгоор шагналаа. Энэхүү хүндтэй шагналыг гардуулах завшаан олдсонд их баяртай байна. Энэ өндөр шагнал бол тус үйлдвэрт хүч хөдөлмөр, амьдралаа зориулсан үе үеийн ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн гэдэг нь ойлгомжтой. Тиймээс энэ үйлдвэрт 30 гаруй жил ажилласан, одоо ажиллаж байгаа бүх хүмүүс, тэдгээрийн ойр дотнын хүмүүст чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Энэ бол та бүгдийн шагнал юм шүү.
Нөгөө утгаараа өнөөдрийн энэ шагнал бол одоо ажиллаж байгаа болон ирээдүйд ажиллах хүмүүсийн их ажил үйлсийн урмыг тэтгэсэн, бас хариуцлагыг өндөржүүлсэн, хийх ажлын урьдчилгаа гэж ойлгох хэрэгтэй.
Аливаа бүтээн байгуулалтад хүний гараар бүтдэг хоёр зүйл заавал ордог. Түүний нэг нь цемент, нөгөө нь төмөр, төмөрлөгийн үйлдвэрийн ган хийц. Дээр нь ус хэрэгтэй. Усыг хүн үйлдвэрлэдэггүй. Хүний гараар заавал бүтдэг хоёр зүйлийн нэг нь та бүгдийн үйлдвэрлэдэг цемент юм.
Монгол Улс өнөөдөр эрчимтэй хөгжлийн босгон дээр тулж ирээд байна. Монгол Улсад ирээдүйн 10,20,30, түүнээс хойших олон жилд баригдах бүх зам, гүүр, барилга байгууламж, бүх бүтээн байгуулалтад та бүгдийн хүч хөдөлмөр шингэсэн цемент, шохой орно. Тийм учраас та бүхэн үйлдвэрээрээ, ажил үйлсээрээ үнэхээр бахархах хэрэгтэй. Та бүхэнд дахин чин сэтгэлийн баяр хүргэе.
Байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны төсөв, санхүүгийн гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг технологийн хэрэгцээний шохойгоор тасралтгүй хангаж жилээс жилд чанарын шаардлагад нь нийцүүлж, шохойн идэвхжилийн үзүүлэлтийг дээшлүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд барилгын хөнгөн бетоны үйлдвэрлэлийн болон төмөрлөг, алтны үйлдвэрлэлийн хэрэгцээт шохойн үйлдвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж ирсэн Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн түүхийн шинэ хуудас энэ өдрөөс эхэлж, шинэ захирал Г.Батдорж ажлаа хүлээн авсан юм.


















