Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нээлт боллоо

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нээлтийн ёслол өчигдөр Налайх хот дахь МСҮТ-д боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нээлт боллоо
Цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нээлтийн ёслол өчигдөр Налайх хот дахь МСҮТ-д боллоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулах энэхүү хөтөлбөр алба хаах хугацаандаа цэргийн болон бусад мэргэжлийг давхар эзэмших ховор боломжийг нээж өгч байна. Хос мэргэжилтэй болсноор тогтмол ажилтай орлоготой болох төдийгүй ажиллах хүчинд дэмжлэг болно. Бүтээн байгуулагч цэрэг болох түүхэн үйлсэд оролцох үйл ажиллагаа энэ удаагийн сургалтаар дуусчихгүй үе шаттайгаар цаашид үргэлжлээд явна” гэдгийг онцоллоо. Харин Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Цэргийн албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэхэд шаардлагатай сургалтын, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах, сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ удаагийн сургалтаар “Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, бетон арматурчин, жолооч, мэргэшсэн жолооч гэсэн таван мэргэжлээр 2601 хүнийг бэлтгэнэ” гэлээ.

Сургалтад хамрагдаж буй сонсогчид хоёр сард 280 цагийн онолын хичээл үзэж гурван сард 480 цаг техник хэрэгсэл дээр дадлага хийх бөгөөд энэ хугацаандаа Налайх дүүрэг дэхь цэргийн анги дээр байрлаж ирэх хавраас төмөр замын бүтээн байгуулалтад оролцож эхлэх тухай албаныхан дуулгаж байв.

Мөн суралцагчдад зайлшгүй шаардлагатай сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд дээр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Сургалтад цэргийн алба хаагчдаас гадна БХИС-ийн Ахлагчийн сургуулийн суралцагчдыг хамруулахаар болсон тухай Батлан хамгаалах яамны удирдлагууд хэлж байв.

Хуваалцах