“Цэвэр цэмцгэр Улаанбаатар” цэвэрлэгээний аянд залуус нэгдлээ
Монголын Залуучуудын Холбооны V Их хурлыг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа "Хот нийтийн хаврын их цэвэрлэгээ"-нд залуус нэгдэж буйгаа илэрхийллээ.
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбооны V Их хурлыг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа "Хот нийтийн хаврын их цэвэрлэгээ"-нд залуус нэгдэж буйгаа илэрхийллээ. МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь 21 аймгийн Залуучуудын Холбоо, хороо, клубууд нэгдэж энэ амралтын өдөр буюу 4-р сарын 19-нд Их тойруугийн гудамж (Өлзий төвөөс Сэлбэ голын гүүр хүртэл) их цэвэрлэгээ хийхээр болсон байна.
Нийслэл Улаабаатар маань өнгөө засч, зүлэг, мод нь ногоорч, өнгө алгалсан цэцгээр гоёж, цонхоо онгойлгоход хамар шархирам ногооны үнэр ханхлах зуны улирал үнэхээр сайхан. Их хотод хамгийн их тулгамддаг нэг зүйл бол “хог”-ны асуудал юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ тал дээр ажилууд хийгдэж нийслэл маань хогны асуудлаас бага ч болов ангижирч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэр дундаа залуус цэмцгэр нийслэлийн төлөө хамтдаа уриалж хогоо хогийн саванд хийж хэвших суртахууныг нийгэмд түгээж, жил ирэх бүр залуус цэвэрлэгээнд идэвхи, санаачилгатай оролцож байгаа юм.
МЗХ зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бүрээ ямар нэгэн үр дүнд хүргэхийг зорьдог бөгөөд өнгөрсөн жил “Залуу дугуйчин” клубтэй хамтран Туул гол орчмын хогийг цэвэрлэж байсан бол энэ жил МЗХ-ны дэргэдэх клубууд “Цэмцгэр Цэцээ гүн” явган аяллыг зохион байгуулж Манзушираас Цэцээ гүн хүртэлх хогийг цэвэрлэсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Цэмцгэр нийслэлийг залуустаа уриалж энэ жилийн анхны цэвэрлэгээг хийсэн бөгөөд маргааш болох үйл ажиллагаанд залуусаа идэвхитэй оролцохыг уриалаад өглөөний 09:00 цагт МЗХ-ын төв байранд цуглараад нэгдсэн журмаар явахаар болсон байна.


















