Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТЦА: Явган зорчигч автомашинд мөргүүлж гэмтсэн тоо өмнөх 7 хоногтой харьцуулахад өссөн

Энэ 7 хоногт явган зорчигч автомашинд мөргүүлсэн 17 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн бөгөөд дээрх ослын 4 нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ТЦА: Явган зорчигч автомашинд мөргүүлж гэмтсэн тоо өмнөх 7 хоногтой харьцуулахад өссөн
ТЦА: Явган зорчигч автомашинд мөргүүлж гэмтсэн тоо өмнөх 7 хоногтой харьцуулахад өссөн. Зураг: МҮОНРТ

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ 7 хоногт явган зорчигч автомашинд мөргүүлсэн 17 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн бөгөөд дээрх ослын 4 нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртжээ.

Түүнчлэн энэ 7 хоногт явган зорчигч автомашинд мөргүүлж гэмтсэн тоо өмнөх 7 хоногтой харьцуулахад 41 хувиар өссөн байна. Явган зорчигч замын хөдөлгөөнд оролцох үедээ мөргүүлсэн ослын дунд архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цөөнгүй байна. Иймд иргэдийг архи, согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэсэн найз нөхдөө хараа хяналттай ар гэрт нь хүлээлгэн өгөхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.

Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нарыг “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.

Мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Хуваалцах