Туйлын хүйтэн салхины нөлөөгөөр АНУ-д огцом хүйтэрч байна
Туйлын салхины нөлөөгөөр Арктикийн хүйтэн агаар шилжин ирж Америкийн зүүн бүсийн хойд хэсэгт зарим газраа агаарын температур цельсийн -54 хэмд хүрсэн байна.
Мэдээллийн алба

АНУ-д туйлын хүйтэн салхины нөлөөгөөр огцом хүйтэрч байна. Туйлын салхины нөлөөгөөр Арктикийн хүйтэн агаар шилжин ирж Америкийн зүүн бүсийн хойд хэсэгт зарим газраа агаарын температур цельсийн -54 хэмд хүрсэн байна. Чикагод л гэхэд цельсийн -30 хэм хүрч унасан бол, Умард Дакота -37 хэмд хүрчээ.

Огцом хүйтэрсний улмаас долоон хүн нас барсан гэх мэдээ байна. Албаны хүмүүс иргэд оршин суугчдыг шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг зөвлөж буй юм байна. Мөн Айова мужийн цаг уурын байгууллагаас хүмүүсийг гадагшаа гарахаар бол бага ярьж, гүн амьсгаа авахгүй байхыг сануулжээ. Хүйтэрсэн муж улсуудын сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Винсконсин, Мичиган, Илинойс зэрэг мужууд тэр байтугай харьцангуй дулаан байгаа Өмнөд бүсийн Алабама, Мисисипи мужууд ч онц байдал зарлажээ. “Энэ удаагийн хүйтрэл түүхэнд бичигдэхээр хэмжээнд хүрч мэдэхээр байна” гэж Илинойс мужийн цаг уурын байгууллага мэдээлжээ. Мөн гадаа 10 минут байхад л хөлдөх эрсдэлтэйг анхааруулсан байна.



















