Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмөр зам барихад 5.2 тэрбум ам.доллар хэрэгтэй

Одоогоор дээрх ажлын зураг хийгдээд дуусчихсан бөгөөд санхүүжилтийн асуудал дээр хөрөнгө оруулагч нартайгаа хэлэлцээр хийж байгаа ажээ. Нийтдээ 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгох шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмөр зам барихад 5.2 тэрбум ам.доллар хэрэгтэй
Төмөр зам барихад 5.2 тэрбум ам.доллар хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Манай улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх төмөр замын бүтээн байгуулалтад “Чингис бонд”-оос нийт 400 сая ам.долларыг хуваарилан зарцуулахаар болсон. Зам тээврийн яамны мэдээлснээр эхний ээлжинд 1800 км төмөр зам барихаар төлөвлөсөн аж. Одоогоор дээрх ажлын зураг хийгдээд дуусчихсан бөгөөд санхүүжилтийн асуудал дээр хөрөнгө оруулагч нартайгаа хэлэлцээр хийж байгаа ажээ. Нийтдээ 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгох шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байна.

Салбарын сайдын хэлснээр одоогоор дөрвөн компанитай хэлэлцээр хийсэн, хэлэлцээр үргэлжилж байна. Тийм учраас хэн хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг хэлэхэд эрт байгаа аж. Гэсэн хэдий ч холбогдох албаныхан өөр боломжуудыг судлаж, ялангуяа Солонгосоос ямар хэмжээний боломж байна гэдгийг судлаж байна гэлээ.

БНСУ-ын “Самсунг” компани манай Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн зам дээр ажиллаж байгаа. “Самсунг” компани цаашид Монголд үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байна гэдгээ Зам тээврийн сайд А.Гансүх болон албаны бусад хүмүүс өнгөрсөн долоо хоногт БНСУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр хэлсэн байна. Мөн Солонгосын “Эксим” банк зарим нэг чиглэлээр санхүүжилт хийх, өөрийнхөө зүгээс болон Солонгосын бусад банк санхүүгийн байгууллагуудтай хамтраад, санхүүжилт хийх боломжийг эрэлхийлж нарийвчилсан судалгаа хийхээр тохирчээ.

Хуваалцах