Түр замыг засахаар болжээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажил сар гаруй үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажил сар гаруй үргэлжилж байна. Төв замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчиж буй иргэд бухимдалтай байгаа юм.
Олон улсын хэмжээнд тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулсан энэхүү томоохон төсөл өнгөрөгч зургаадугаар сарын 17-нд нээлтээ хийсэн. Зам тээврийн хөгжлийн яамнаас "Дархан-Азза" төрийн өмчит хувьцаат компанид чиглэл өгч түр замыг гаргажээ. Гэвч гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаагүй, төсөв хөрөнгө байхгүйгээс шалтгаалан 40 гаруй хоногийн хугацаанд түр замын арчлалт хамгаалалт орхигдсон байна.
“Улаанбаатар-Дархан” чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ замыг Азийн хөгжлийн банкны бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн хүрээнд өргөтгөж, шинэчлэх ажилтай холбогдуулан иргэд орон нутагтаа гомдол шүүмжлэлийг удаа дараа гаргажээ. Үүний дагуу холбогдох удирдлагууд хандаж болох бүхий л яаманд албан бичиг хүргүүлж, уулзалтуудыг хийсэн байна.
Олон улсын хэмжээнд нээлттэйгээр тендер зарлаж шалгарсан таван компанийн нэг нь БНХАУ-ын "Чайна жоу инженеринг" юм. Тус компани нь Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замыг засаж байна.
Дарханчууд үндсэн замыг засаж дуусах хүртэлх хугацаанд түр замаар зорчино.


















