Төрийн албан хаагч 6 сая төгрөг хувьдаа завшсаныг АТГ-аас тогтоожээ
Энэ талаар Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн алба

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан болох Н нь тус аймагт зохион байгуулсан тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд гишүүнээр томилогдож ажилласан бөгөөд тендерт шалгарч ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавих явцдаа нэр бүхий компаниудаас зээл нэрийн дор нийт 6.000.000 төгрөг, эмчилгээний зардалд тусламж болгон 200.000 төгрөг авсан нь АТГ-аас хийсэн шалгалтаар тогтоогджээ.
Энэ талаар Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээлэл ирсэн байна. Хяналт тавьж ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагаас дээрх санхүүгийн эх үүсвэрийг бий болгосон нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төлбөр авахтай холбогдсон хязгаарлалтыг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн тул холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэрд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлээд байгаа аж.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар


















