Төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн асуудлаар нээлттэй сонсгол хийв
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар авах нээлттэй сонсголыг өнөөдөр Төрийн ордон дахь "Нээлттэй сонсголын танхим"-д нээлттэйгээр зохион байгууллаа.
Мэдээллийн алба

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар авах нээлттэй сонсголыг өнөөдөр Төрийн ордон дахь "Нээлттэй сонсголын танхим"-д нээлттэйгээр зохион байгууллаа. Нээлттэй сонсголд дээрх асуудлаар тайлбар, мэдээлэл өгөх Яамдын сайд, Төрийн захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид, ажил үүргийн хувьд тухайн асуудалтай шууд холбоотой яам, газруудын удирдах албан тушаалтнууд, өргөдөл гаргагч иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо. Мөн УИХ-д суудалтай намын гурван бүлгийн дарга нар, Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Баярцогт нар оролцож тайлбар, мэдээлэл хийсэн юм.
Өргөдлийн байнгын хороонд 2014-2015 онд ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар нийт 179 иргэнтэй холбоотой өргөдөл ирсний 64 нь Хөдөлмөрийн яам, түүний салбарын хэмжээнд, 66 нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, түүний салбарын хэмжээнд, 11 нь Эрүүл мэнд, спортын яаманд хамаатай өргөдлүүд аж. Эдгээр өргөдлийн агуулгыг үзвэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар үндэслэлгүйгээр албан хаагчдыг чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа, эсвэл тухайн албан тушаалтны чиг үүрэг хэвээр байхад албан тушаалын нэр, газар, хэлтсийн нэрийг ялихгүй өөрчлөн бүтцийн өөрчлөлт нэрийдлээр чөлөөлж байгаа тухай өгүүлсэн байна. Жишээ нь, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2015 оны 2-р сарын 27-ны өдрийн тушаалаар нэгэн зэрэг 17 сав газрын захиргааны дарга нарыг ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч нарыг томилж байна” гэсэн бол Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн тушаалаар 2015 оны 3-р сарын 24-өөр тасалбар болгон 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 30 дарга, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 27 төвийн захирлуудыг чөлөөлсөн тухай өргөдлүүдийг УИХ-д ирүүлжээ.
Чөлөөлөгдсөн зарим албан хаагчид эхнээсээ шүүхэд гомдол гарган үндэслэлгүйгээр халагдсан гэсэн шүүхийн шийдвэр гарч эхэлж байгаа ч иргэдээс гаргаж буй нэхэмжлэлийн тоо нэмэгдэхийн хэрээр шүүхийн ачаалал ихэсч, энэ нь эргээд төрийн албаны тогтвортой байдал, төрийн дархлаанд муугаар нөлөөлж байгаа талаар энэ үеэр яригдаж байлаа. Байнгын хорооны даргын танилцуулгын дараа дээрх гурван яаманд хамаатай өргөдлүүдтэй холбогдуулан яамдын сайд нар тайлбар, мэдээлэл хийв. Тэд мэдээлэллдээ Засгийн газрын бүтцэд 2014 онд удаа дараа өөрчлөлт, хөдөлгөөн орсноор төрийн байгууллагуудын хэмжээнд 1500-2000 орчим албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн нь төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүй халж байгаа тухай асуудал “өндөр авахын” нэг шалтгаан болсныг дурдаад бүтцийн өөрчлөлтөөр өөрсдийн яамны онцогтой холбогдуулан зайлшгүй хийх учиртай байсан цомхтгол, түүнийг хэрэгжүүлэхэд гарсан асуудлуудыг “төрийн албаны мэргэшсэн, чадварлаг байдал, залгамж чанарыг алдагдалгүйгээр, хуулийн хүрээнд” хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа тайлбарласан юм.
Үүний дараа өргөдөл ирүүлсэн иргэдийг төлөөлж, иргэн Болдбаатар, Дэлгэрмаа, Эрдэнэчулуун нар мэдээлэл хийсэн бөгөөд энд сонссон бүх мэдээлэлтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагын төлөөлөгчид холбогдох тайлбар, лавлагаа, мэдээллүүдийг өглөө. Нээлттэй сонсголын үеэр зөвхөн оролцогч талуудын тайлбар, мэдээллийг сонссон төдийгүй Төрийн алба, түүний төлөвшилд сөргөөр нөлөөлж буй улс төржилт, намаар талцалт зэрэг гол хүчин зүйлүүдэд оролцогчид шүүмжлэлтэй хандаж, асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц хайн санал бодлоо илэрхийлж байв. Тухайлбал, С.Дэмбэрэл гишүүн Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн цэцтэй адилхан болгож, Төрийн албаны цэц байгуулах саналаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар төрийн алба өөрийн Үйлдвэрчний эвлэлтэй болох гарцыг санал болгож байв. Харин Ж.Батзандан гишүүн ажлаас халагдсан иргэдийг төлөөлж, сайд дарга нарын гаргасан шийдвэртэй холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлэх иргэний эр зориг гаргасан гурван иргэнд талархал илэрхийлээд “Төрийн албан дахь намчирхал, улс төржилт байнга байсаар ирсэн, намаар талцан төрийн албыг самардгийг больё. Аль нэг сайдыг олны өмнө улалзуулан шүүмжлэх гэж энэ сонсголыг бид зохион байгуулаагүй. Үүссэн нөхцөл байдалд Өргөдлийн байнгын хороо мэргэжлийн дүгнэлт гаргах эрх байхгүй. ЗГХЭГ-ын дарга үгүйсгэж байгаа ч амьдрал дээрээ төрийн захиргааны томилгоонд улс төржилт, тэр тусмаа сайд нарын оролцоо их байдаг. Алдааг засах нэг арга бол улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, төрийн албан дахь улс төржилтийг зогсооё” гэсэн саналтай байсан юм.
Сонсголд оролцогчдоос олон хүн хэлсэн үгэндээ төрийн албаны хямрал одоогийн эдийн засгийн хямралд ч түлхэц үзүүлж, төрийн дархлаа, улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаад сэтгэл зовж байгаагаа илэрхийлж байлаа.


















