“Төрийн гэрэгэ”-г 3 шилдэг бүтээн байгуулалтад олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагнал гардууллаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагнал гардууллаа. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ 2014 шагналыг “Гацуурт” компанийн газар тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Дулааны 4-р цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123МВт-аар өргөтгөх төсөл, Хөтөлийн “Цемент-шохой” компанийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлд тус тус хүртээлээ.
Шагнал гардуулах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болсон, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалангийн үндэсний хэмжээний олон бүтээн байгуулалт морин жилд өрхөө татаж, үүдээ нээлээ. Хөгжлийн хөдөлгүүр болсон үндэсний гурван бүтээн байгуулалтыг сар шинийн баярын босгон дээр “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ээр урамшуулан шагнаж байна.
Цуцалтгүй хөдөлмөр, хичээл зүтгэл бол бүтээн байгуулалтын тулгуур юм. "Гацуурт" ХХК-ийнхан мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хослуулан хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт тоног төхөөрөмж, техник, технологийг ашиглан, үндэсний үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргаж, амжилттай ажиллаж байна. Та бүхэнд олгож буй уг шагнал бол газар эхийн шим, буянт малын хишгийг хүртэж, хуулийн дор шударга хөдөлмөрлөж буй газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг мянга мянган бүтээлч иргэддээ өгч буй “урам” юм.
.jpg)
Бүтээлч сэтгэлгээтэй иргэд Монголыг хөгжүүлнэ. Улс эх орны маань хөгжлийн хөдөлгүүр болсон бүтээн байгуулагч, татвар төлөгчдөдөө улам их амжилт гаргаж, дэлхийн хэмжээний бүтээн байгуулагч болохыг хүсье “ гэлээ.
.jpg)


















