Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн зарим албан хаагчийн цалинг 10 хувиар бууруулна

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Төрийн зарим албан хаагчийн цалинг 10 хувиар бууруулна
Төрийн зарим албан хаагчийн цалинг 10 хувиар бууруулна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр яригдсан гол асуудлуудын нэг нь төрийн албан хаагчдын цалин байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хууль зүйн салбарын ажилтнуудын цалинг бууруулах тухай ярьж байгаа. Энэ асуудлыг зөв авч үзэхгүй бол энэ салбарт цалин шаардлагагүй хүмүүс ажилладаг юм байна гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд төрөх нь. Тийм болохоор энэ салбарын ажилтнуудын одоо авч байгаа цалин, ирэх оны төсөвт цалин хэр хэмжээгээр буурахаар тусгагдсаныг сонсмоор байна гэсэн юм.

Сангийн яамнаас өгсөн тайлбараар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих газруудад харуул хамгаалалтын ажил хийдэг 3000 гаруй хүн 480-550 мянган төгрөгийн цалинтай бөгөөд тус агентлагийн цалингийн санг ирэх оны төсөвт гурван тэрбумаар бууруулсан учир цалин 10 хувиар буурахаар байгаа аж.

Харин Хил хамгаалах байгууллагын төсөв 4.6 тэрбумаар буурсан бөгөөд 480-520 мянган төгрөгийн цалинтай, хилчин, харуулын даргын цалин мөн 10 хувь буурахаар байгаа юм байна.

Мөн Цагдаагийн албан хаагчид 570-630 мянга, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынх 530-600 мянга, Тахарын ерөнхий газрынх 480-550 мянга, Хууль зүйн туслалцааны төвийнх 360-660 мянга, Улсын бүртгэлийн ерөнхий газрынх 650-700 мянга, Хүний эрхийн үндэсний комиссынх 500-750 мянга, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд 350-900 мянган төгрөгийн цалин авч байгаа бөгөөд энэ хэмжээ мөн 10 хувиар буурахаар төсөлд тусгагджээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, анхан шатны шүүгчийн цалин 62 хувь, давж заалдах шатны шүүгчийн цалин 63.4 хувь, хяналтын шатны шүүгчийн цалин 56.8 хувиар буурахаар байгаа ажээ.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Болор “Цалинг тодорхой хэмжээгээр бууруулах нь эдийн засаг хүндэрсэн үед бусад улс орнуудад авч хэрэгжүүлдэг л арга хэмжээ. Эдийн засаг сайжирсан тохиолдолд тухай бүр нь нэмээд явах бололцоотой. Ирэх оны төсвийг аль болох хэмнэлттэй байхаар тооцон боловсруулсан” хэмээн тайлбарласан юм.

Хуваалцах