Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк улс Ирак, Сири дэх цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Ирак, Сири дэх цэргийн ажиллагаагаа тус улс үргэлжлүүлэх болно гэж мэдэгдээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улс Ирак, Сири дэх цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Турк улс Ирак, Сири дэх цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Ирак, Сири дэх цэргийн ажиллагаагаа тус улс үргэлжлүүлэх болно гэж мэдэгдээд байна. Тэрбээр хилийн ойролцоох нутгууддаа терроризмын аюулыг бүрэн дарах хүртэл цэргийн ажиллагаа нь үргэлжлэх болно гэдгийг онцолжээ.

Ерөнхийлөгч Эрдоган эрх баригч "Шударга ёс, хөгжлийн нам"-ын гишүүдтэй уулзах үеэрээ Евфратын бамбай, Чидун жимсний мөчир нэртэй цэргийн ажиллагаанаас өөр шинэ ажиллагааг Сирид эхлүүлэхээ амласан байна. Мөн Турк улс алхам алхмаар бүс нутгийн хамгийн хүчирхэг улс орон болон хувирч байгаагийн дээр ойрын хугацаанд тус улс олон улсын улс төрийн тавцан дахь хамгийн том тоглогчдын эгнээнд орох болно гэж мэдэгдлээ.

Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгч батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, эх орны үйлдвэрийн зэвсэг техниктэй болоход онцгой анхаарах хэрэгтэйг тэмдэглэсэн. Энэ нь хүчирхэг их гүрний салшгүй нэг хэсэг гэж тодорхойлсон. Турк улсад ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит бус сонгууль болно. Тус улсын үндсэн хуульд өнгөрсөн онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Турк улс парламентынхаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих болсон учир ийнхүү сонгуулиудыг хугацаанаас нь өмнө зохион байгуулж буй юм.

Ерөнхийлөгч Эрдоганы хувьд эрх баригч намынхан түүнийг төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшүүлээд байгаа юм.

Хуваалцах