Туркийн ерөнхийлөгч Германы канцлерыг нацист аргууд хэрэглэж байна гэж дахин шүүмжиллээ
"Дойче велле" өнөөдөр Турк, Европын орнуудын хооронд тэр дундаа Турк Германы хооронд үүсээд байгаа маргаан улам хурцдаж байгаа тухай онцлон мэдээлж байна.
Мэдээллийн алба

"Дойче велле" өнөөдөр Турк, Европын орнуудын хооронд тэр дундаа Турк Германы хооронд үүсээд байгаа маргаан улам хурцдаж байгаа тухай онцлон мэдээлж байна. Энэ удаад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайиип Эрдован Германы канцлерыг "Нацист аргууд хэрэглэж байна" хэмээн шүүмжилсэнтэй холбоотойгоор энэ тухай онцолж байна. Эрдован Ерөнхийлөгч Туркэд ирэх сарын дундуур болох үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал хураалтын сурталчилгаа хийх гэсэн улс төрчдөд нь зөвшөөрөл өгөөгүй Германы эрх баригчдад хандаж ийнхүү шүүмжилсэн.
Тэрээр Герман дахь ахан дүүс, нутаг нэгтнүүд, ах дүүс сайдуудын минь эсрэг нацист аргууд хэрэглэж байна хэмээн канцлер Меркелийг буруутгасан юм. Ерөнхийлөгч Эрдован Туркийн Стамбул хотод болсон цуглаан дээр ийнхүү мэдэгдсэнийг нь "Дойче велле" мэдээлжээ. Мөн энд Турк дахь Германы элчин сайд Мартин Эрдманыг Туркийн гадаад хэргийн яамнаас дуудсан гэдэг мэдээлэл байна.
Энэ нь Германы Франкфурт хотноо болсон курдуудын жагсаалын үеэр Туркэд хориотой Курдистаны ажилчны намын бэлэг тэмдгийг уриа лоозон шиг барьцгааж байсантай холбоотой аж. Өөрөөр хэлбэл Туркэд хориотой намын бэлэг тэмдгийг Германд алдаршуулсныг эсэргүүцэхээр элчин сайдыг нь дуудсан мэдээ байна.


















