Туркийн иргэдэд Шенгений бүсэд визгүй зорчих эрх нээгдэхэд ойрхон байна
Энэ лхагва гарагт Европын комисс Туркийн иргэдэд Шенгений бүсэд визгүй зорчих эрх олгох асуудлыг урьдчилсан нөхцөлтэй зөвшөөрөхөөр төлөвлөж байна
Мэдээллийн алба

Энэ лхагва гарагт Европын комисс Туркийн иргэдэд Шенгений бүсэд визгүй зорчих эрх олгох асуудлыг урьдчилсан нөхцөлтэй зөвшөөрөхөөр төлөвлөж байна. Энэ талаар "Би-Би-Си" агентлаг ойрын эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Европын холбоо Турктэй цагаач дүрвэгчдийн асуудлаар хэлэлцээр байгуулж, энэ хүрээнд Турк Эгийн тэнгисээр Грект хүрч очсон цагаач дүрвэгчдийг эргүүлэн авсныхаа хариуд зургаадугаар сарын сүүлээс эхлэн иргэдээ Европын холбоонд визгүй зорчуулахаар тохиролцсон юм.
Хэрэв Европын холбоо Туркт өгсөн амлалтаа биелүүлэхгүй бол Турк улс ч гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтаасаа буцаж магадгүй гэх болгоомжлол үүсчээ. Үүнтэй холбоотойгоор Европын холбоо Туркийн иргэдийг Шенгений бүсэд визгүй зорчих зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа гэж шинжээчид тайлбарлаж байна.
Гэхдээ энэ төлөвлөгөөг ажил хэрэг болсон ч Турк улс үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхийг хамгаалж, терроризмын эсрэг хууль тогтоомжоо угсаатны цөөнхөд илүү ээлтэй болгон нэмэлт өөрчлөлт оруулах болон бусад асуудлаарх 72 зүйл шаардлагыг биелүүлэх үүрэгтэй хэвээр үлдэх юм байна.
Анх эдгээр шаардлагыг тавдугаар сарын 4 гэхэд биелүүлсэн байх нөхцөл тавьсан ч дипломатуудын өгсөн мэдээгээр шаардлагуудын биелэлт ердөө тал хувьтай яваа юм.


















