Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.10.20/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.10.20/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа “Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг боловсруулсан" гэдгийг мэдэгдлээ.
Мөн тэрээр улсын өрийн зохистой удирдлага, төрийн төлөвлөлтийг макро түвшний бодлого, зорилттой нийцүүлэхээс өмнө гадаад зээлийн төлбөрийн хугацаа болж, хүндрэл үүсэхээр байгаагаас гадна макро эдийн засгийн бодлогод шаардлагатай тохиргоог хийлгүй хугацаа алдсанаас гадаад валютын нөөц, валютын ханшид дарамт учирсан орчинд мөнгөний бодлогын үндсэн зорилтыг дунд хугацаанд 2017-2019 онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг жилийн 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьж байгааг дурьдав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд ипотекийн зээл, ханш, нөөц, мөнгөний бодлого болон төсвийн бодлогын уялдаа, Монгол Улсын ОУВС-тай хамтрах зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авлаа. Улмаар дэмжсэн болон дэмжээгүй тус бүр гурван гишүүн үг хэлсний дараа санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 /ирц 72.4%/ гишүүний 40 нь /72.7%/ дэмжсэнээр төслийг Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Эх сурвалж: Монголбанк


















