Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэлэлцлээ

Өнөөдөр уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэлэлцлээ
Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох зорилгоор Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа билээ. Өнөөдөр уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм.

Мөн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо. Санал хураалтын явцад гишүүдийн зүгээс, бодлогын баримт бичгийг баталснаар ямар ахиц гарах, хаягдал модны хэмжээ, хязгаарыг тогтоохдоо бүс нутгийг харгалзан үзэж уян хатан тогтоох боломжтой эсэх, гаднаас орж ирж байгаа түймрийн хохирлын талаар авах арга хэмжээнд ямар зохицуулалт хийж байгаа талаар ажлын хэсгээс тодруулж, ой хамгаалах болон байгаль орчныг хамгаалах бодлогыг уул уурхайтай холбох, модны хулгайчдыг шууд хорих, торгох, машиныг нь хураах бус хохирлыг нөхөн төлүүлэх, улмаар мянгаас хоёр мянган мод суулгуулж байх зэрэг санал хэлж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд төсөв, мөнгө хэрэгтэй гэв.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох саналыг дэмжлээ.

Хуваалцах