Тусгай зөвшөөрлөө хугацаанд нь сунгуулахыг хоршоодод сануулж байна
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодод тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгодог. Хугацаа дуусахад тусгай зөвшөөрлөө сунгуулж байх нь хоршооны үйл ажиллагааг хэвийн боломжит төвшинд байгаа,
Мэдээллийн алба

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодод тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгодог. Хугацаа дуусахад тусгай зөвшөөрлөө сунгуулж байх нь хоршооны үйл ажиллагааг хэвийн боломжит төвшинд байгаа, эсэхийг санхүүгийн зохицуулах байгууллагаас тодорхойлох, нөгөө талаар хуулийн этгээдийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой.
Дээрх хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Хорооноос батлан мөрдүүлж байгаа “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д заасны дагуу хоршоод тусгай зөвшөөрлийнхөө хугацааг дуусахаас 45 хоногийн өмнө Хороонд хүсэлтээ ирүүлэн, холбогдох баримт материалыг хянуулж, цаашид үйл ажиллагаа явуулах эсэхээ шийдүүлж байх учиртай.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий 284 ХЗХ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд зарим хоршоод тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулахаар дээр дурдсан хугацаанд Хороонд хандахгүй байх зөрчил гаргасаар байна. Энэ нь тухайн хуулийн этгээдийг цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхлэн боломжгүй болгох эрх зүйн үр дагаврыг бий болгож байна. Иймд хууль, журмын хүрээнд тусгай зөвшөөрлийнхөө хугацааг зохих ёсоор сунгуулж ажиллахыг 2017 онд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусаж байгаа ХЗХ-дын удирдлагуудад анхааруулж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.


















