Төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын чуулганы 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулга
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, холбогдох тодруулгуудыг хийсэн юм. Иймд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдийн” гэснийг “суралцагчийн” гэж, “сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй” гэснийг “сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, хяналт тавихтай" гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.6 хувь нь дэмжив. Түүнчлэн төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Бага, дунд боловсролын тухай хууль," гэсний дараа “Баяжуулсан хүнсний тухай хууль,” гэж нэмэхийг 73.9 хувийн саналаар, төслийн 3 дугаар зүйлийн гарчгийн “хамрах” гэснийг“үйлчлэх” гэж өөрчилж, мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн “дотуур байрны” гэсний дараа “хүүхдийн” гэж нэмэхийг 78.3 хувийн саналаар тус тус дэмжлээ.
Мөн төслийн нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэлд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд баримтлах зарчмын талаарх агуулга бүхий 5 дугаар зүйл шинээр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүд 75 хувийн саналаар дэмжсэн. Мөн сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжийн талаарх зохицуулалт бүхий төслийн 6 дугаар зүйлийг өөрчлөн найруулах, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөлийн талаарх зохицуулалт бүхий 8 дугаар зүйл, сургуулийн хоол зүйчийн эрх, үүргийн талаарх зохицуулалт бүхий 9 дүгээр зүйлийг тус тус шинээр нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 38 санал томъёолол бэлтгэн ирүүлсний 30 дахь санал буюу төслийн 8 дугаар зүйлд аймаг, нийслэлийн боловсролын газар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар хэрэгжүүлэх чиг үүргийн талаарх 8.6 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй.
Иймд ажлын хэсгээс “Төслийн 8 дугаар зүйлийн “8.5.4" гэсэн заалтын дугаарыг “8.5.5" гэж өөрчлөн, мөн заалтын “энэ хуулийн 5.5-д заасан” гэсний дараа “төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол зүйчээс бусад” гэж нэмэх” гэсэн саналаа татахаар шийдвэрлэсэн. Үргэлжлүүлэн найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Анхны хэлэлцүүлгийг явуулсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.


















