Төсвийн байнгын хороо зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.04/ хуралдаан 15 цаг 13 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд 2016 оны төсвийн тухай хууль,
Мэдээллийн алба

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.04/ хуралдаан 15 цаг 13 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд 2016 оны төсвийн тухай хууль, дагалдан өргөн барьсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан юм.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын аэжиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцсон.
Энэ дагуу Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг нийт 3 удаа солилцож, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон уулзалтаар зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтсон хэмээн Сангийн сайд Б.Болор хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулав.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Ингээд гишүүд тодруулга хийж, байр сууриа илэрхийлсэний дараа хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж, Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


















