Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Улаан томилогдлоо
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс батлах" тухай тогтоолын төслийг хаалттай горимоор
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс батлах" тухай тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж баталсаны дараа хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эхлээд зарим байнгын хорооны даргыг чөлөөлж, сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны даргыг чөлөөлж, сонгох асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс 5 хоногийн завсарлага авав. Учир нь Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох сонгууль маргаантай байгаа тул уг асуудлаар завсарлага авч байгаа аж.
Дараа нь Төсвийн байнгын хорооны даргыг чөлөөлж, сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.
Тус байнгын хорооны 2015.10.06-ны өдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга Б.Болор Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдсон тул байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна. Мөн Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гаргасан саналын дагуу байнгын хорооны даргаар Ч.Улаан гишүүнийг томилох саналыг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжжээ.
Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ч.Улааныг Төсвийн байнгын хорооны даргаар томилох нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.


















