Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Гадаад мэдээ

Ромын пап Аргентины удирдагчдад эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байхыг уриалжээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ромын пап Аргентины удирдагчдад эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байхыг уриалжээ
Ромын пап Аргентины удирдагчдад эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байхыг уриалжээ. Зураг: МҮОНРТ

Ромын католик шашны тэргүүн XIV Лео пап Аргентинд хийж буй айлчлалынхаа үеэр төрийн эрх мэдлийг ард иргэдийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж, ардчилал, нийгмийн шударга ёсыг хамгаалахыг тус улсын удирдагчдад уриалжээ.

Тэрбээр Өмнөд Америкийн орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд арваннэгдүгээр сарын 8-нд Уругвай улсаас Аргентины нийслэл Буэнос-Айрест хүрэлцэн ирсэн юм. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей түүнийг нисэх онгоцны буудалд угтан авч, албан ёсны уулзалт хийсэн байна.

XIV Лео пап тус улсын төрийн байгууллагын удирдлага, дипломат төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ эрх мэдэл бол иргэдэд үйлчлэх хариуцлага гэдгийг онцолсон байна. Тэрбээр улс орныг удирдаж буй хүмүүс эрх мэдлийнхээ хязгаарыг ухамсарлаж, гаргаж буй шийдвэр бүр нь нийгмийн нийтлэг эрх ашигт нийцэх ёстойг сануулжээ.

Мөн эдийн засгийн өсөлт, хөгжлийн үр шим нийгмийн бүх давхаргад, ялангуяа амьжиргааны хүндрэлтэй иргэдэд хүрэх шаардлагатайг тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ улс төрийн үзэл бодлын зөрүүтэй байдлыг үл харгалзан харилцан ойлголцож, хууль дээдлэх нь ардчиллыг бэхжүүлэх үндэс болохыг онцолсон юм.

Ромын папын айлчлал Аргентины Засгийн газрын хэрэгжүүлж буй төсвийн хэмнэлтийн бодлого нийгэмд маргаан дагуулж буй үед болж байна.

Ерөнхийлөгч Хавьер Милей 2023 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш улсын төсвийн зардлыг эрс танаж, эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж иржээ. Үүний үр дүнд жилийн инфляц 200 гаруй хувиас 33 хувь хүртэл буурсан ч нийгмийн халамжийн санхүүжилт багасаж, төрийн байгууллагуудын орон тоо цөөрсөн нь иргэдийн амьжиргаанд хүндрэл учруулж буйг дэлхийн зарим нөлөө бүхий хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байгаа юм.

Католик сүмийн зүгээс хэмнэлтийн бодлого нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүндээр тусаж байгааг шүүмжилдэг. Харин Ерөнхийлөгч Милей инфляцыг бууруулж, эдийн засгийг сэргээхийн тулд төсвийн зардлыг танах зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа юм.

XIV Лео пап илтгэлдээ Ерөнхийлөгч Милейгийн эдийн засгийн бодлогыг шууд нэрлэн шүүмжлээгүй ч өсөлтийг дэмжих аливаа арга хэмжээ ядуу иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх ёсгүйг онцолжээ.

Түүнчлэн Ираны дайны асуудлаар Ватикан болон Аргентины удирдлагын байр суурь зөрүүтэй байгаа юм. Ерөнхийлөгч Милей уг дайныг дэмжиж байгаа бол Ромын пап XIV Лео цэргийн ажиллагааг эсэргүүцэж, зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг уриалсаар иржээ.

Ромын пап Аргентинд айлчилж буй нь сүүлийн 39 жилийн хугацаанд анх удаа тохиож байна. Өмнө нь II Иоанн Павел пап 1987 онд тус улсад айлчилж байжээ.

XIV Лео пап айлчлалынхаа хүрээнд Аргентины дөрвөн хотод зочилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах төв болон хорих байгууллагад очихоор төлөвлөсөн байна.

Түүний Өмнөд Америкийн гурван улсыг хамарсан айлчлал арваннэгдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх бөгөөд Аргентины дараа Перу улсыг зорих аж.

Хуваалцах