ҮБХИС-д англи хэлний лаборатори хандивлалаа
АНУ-ын Засгийн газраас хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан англи хэлний иж бүрэн компьютержсан лабораторийг Үндэсний батлан хамгаалахын их сургуульд хандивлав.
Мэдээллийн алба

АНУ-ын Засгийн газраас хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан англи хэлний иж бүрэн компьютержсан лабораторийг Үндэсний батлан хамгаалахын их сургуульд хандивлав. Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт, ҮБХИС-ийн сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй багш сонсогчид, БХЯ-ны газрын дарга нар оролцов.

Элчин сайд Женнифер Зимдал Галт 1992 оноос хойш АНУ-аас Монгол Улсад хандивлаж байгаа 8 дахь лаборатори гэдгийг тодотгоод, энхийг сахиулах ажиллагаанд оролцох дайчдаа энэ лабораторид сурган мэргэшүүлж, сонсогч болон Зэвсэгт хүчний алба хаагчдыг англи хэлний мэдлэгтэй болоход бүрэн ашиглаарай гэж хүссэн. Харин Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хоёр орны харилцан хамтын ажиллагаанд Батлан хамгаалах салбар чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлоод англи хэлний иж бүрэн лаборатори хандивласан АНУ-ын Батлан хамгаалах яаманд талархлаа илэрхийлсэн юм.


















